Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзан талархал илэрхийлэхийн сацуу цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд 5, Ази тивд 1 дүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Тухайлбал, Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 6 дугаар байранд орсон юм. Иймд Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн амжилт гаргаж, Ази тивийн хошой аварга болсонд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн Монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдын нөр их хөдөлмөр зүтгэл, эв нэгдлийн хүчээр тус спортод амжилтаа ахиулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.
Энэ үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сагсан бөмбөгийн холбоодын асуудал цэгцэрч, сагсчид Монгол гэдэг нэрийн дор нэгдэж чадсанаар тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгааг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн юм.