1978 ОН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАВ
Эрдэнэтийн овооны зэс, молибдены ордыг түшиглэсэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад ортол монголчууд байгалийн баялгаа стратегийн түвшинд ашиглаж, улсын төсвийнхөө тодорхой хувийг хангадаг томоохон бүтээн байгуулалт хийж чадаагүй байлаа.
Гэвч 1978.12.14-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэр анхны баяжмалаа экспортод гаргаснаар, 595 сая рублийн зээлээр барьсан, уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий хоттой, XX зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтын түүх эхэлсэн юм.
АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ ДАГАСАН ӨМЧ ХУВЬЧЛАЛ
Эдийн засгийн шилжилтийн үед үүссэн нөхцөл байдлыг дотоодын нөөц бололцоогоор шийдвэрлэх боломж хомс байсан тул Монгол Улс 1991 онд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүн орноор элсэж, бодлогын реформуудад чиглэсэн санхүүгийн дэмжлэг авч эхэллээ. Улмаар 1991 онд “Төрийн өмчийг хувьчлах тухай хууль” гаргаж хувийн өмчийн хэлбэрийг баталгаажуулснаар Монгол Улсын иргэд хувийн өмчтэй болох эхлэл тавигдсан билээ.
Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг тусгажээ. 1992 онд төрийн өмчийн 928 объектыг хувьчлав. Монголчууд хувийн өмчтэй болж эхэллээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу эрчимтэй шилжих үндэс суурь болсон юм
“АЛТ” ХӨТӨЛБӨР
Монгол Улс гипер инфляцтай нүүр туллаа. Ард иргэдийн амьдрал хүндрэхтэй зэрэгцэн Засгийн газар төгрөгийн ханшийг яаралтай тогтворжуулж, валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн баялгаа эдийн засгийн тулгуур болгох талаар судалгаа хийж, “Газрын тос”, “Зэс”, “Алт” зэрэг хөтөлбөрүүд боловсруулснаас түргэн хугацаанд өгөөжөө өгөх ач холбогдолтой тул 1991 оноос эхлэн “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
ИХ ӨР
1990 оны эхээр “Монгол Улс 1949-1990 оны хооронд хуучин манай ЗХУ-аас авсан нийт зээлийг үндсэн зээл, бодогдсон хүүгийн хамт яаралтай төлж барагдуулна уу?” гэсэн ОХУ-ын Засгийн газраас тавьсан хүсэлт байлаа. Эдийн засгийн тун хүнд нөхцөлд байсан Монгол Улс нэн яаралтай 11.7 тэрбум ам.долларын зээлийг төлөх ёстой болжээ! Үүнийг түүхэнд “Их өр” гэж нэрлэдэг.
2010 ОН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХУРДЫГ НЭМСЭН ШИНЭ ХҮЧ БОЛОХ ОЮУ ТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛЭВ.
“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн ачаар 2012 оны дунд үе гэхэд манай улсад дэлхийн 112 орны 12,118 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Дээрх хөрөнгө оруулалтын 74% нь геологи, уул уурхайн салбарт төвлөрч байснаас хамгийн том, хамгийн ач холбогдолтой нэгэн төсөл тэдний дундаас онцгой ялгарч эхэлсэн нь “Оюу толгой” төсөл байлаа.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49% МОНГОЛД ИРЖ, 100% МОНГОЛЫН ЭЗЭМШИЛД ШИЛЖИВ
2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг эзэмшдэг ОХУ-ын “Ростех” корпорац өөрсдийн эзэмшлийн хувиа худалдах саналыг Монгол Улсын Засгийн газарт тавив. Гэвч Засгийн газарт тэдний тавьсанчлан 12 хоногийн дотор шилжүүлэх 400 сая ам.доллар байгаагүй тул татгалзсан хариу өгсөн бөгөөд хуулийн дагуу “Монголын зэс” корпорац уг мөнгийг бүрэн төлснөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49% нь хувийн хэвшилд шилжив. 100% Монголын мэдэлд ирлээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДАЛ БУЮУ УРАНЫ ТӨСӨЛ ХӨДЛӨВ
Эдийн засгийн сэргэлтийн үе буюу тэртээ 2006 онд, ирээдүйд Монгол Улсыг эрчим хүчээр хангах нэгэн төслийн хайгуулын ажил чимээгүй атлаа зугуухан урагшилж байсан нь Францын “Орано” группийн эзэмшлийн охин компани болох “Кожеговь” компанийн хэрэгжүүлж байсан ураны төсөл байлаа.
Сүүлийн 30 жилд бид ийм л түүхүүдийг туулж ирсэн. Гэвч бидний туулсан энэ түүх бол хувийн хэвшлийнхний Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийсэн амаргүй тэмцэл байлаа. Эдгээр үндэсний компаниуд байгаагүй бол, тэд ийм том хүчин чармайлтыг гаргаагүй бол Монгол улс, монголчууд өнөөдөр эдийн засгийн энэ таатай боломжийг эдлэхгүй байлаа. Цаашид ч Монгол улс үндэсний компаниудынхаа хүчээр хөгжин дэвжих болно. Ирээдүй гэрэлтэй байна.