FCI буюу Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорват улсын нийслэл Загреб хотод дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд боллоо.
Монгол орноо төлөөлөн оролцож буй хамт олон монгол уламжлалт гэрийнхээ үзүүлэн, эдлэл хэрэгсэл, уугуул банхрын түүхийг дэлгэн, үндэснийхээ хувцсыг өмссөн нь нохой сонирхогчид төдийгүй тэмцээний шүүгчдийн сонирхлыг их татжээ.
Тус үзэсгэлэн тэмцээнд 98 улсын 376 үүлдэр 18,350 нохой оролцсоноос Монголын уугуул үүлдэр Монгол банхар нохой анх удаа дэлхийн дэвжээн дээр гарч өрсөлдсөн нь онцлог үйл явдал байлаа.
FCI нь нийт нохдын ажлын чиглэл, үүрэг зориулалтаар 10 группт ангилдаг бөгөөд дэлхийд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг.
Монгол орноос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен дуудлагатай гурван нохой Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үүнээс Шандын харуул ХАНГАРЬД дуудлагатай нохой 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос 1-р байр эзэлж томоохон амжилт үзүүллээ.
Монголын нохой судлалын холбоо, Монгол банхар судлалын холбооны хамт олон монгол банхраа дэлхийд бүртгүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ажлын нэг хэсэг нь энэ юм. Түүнчлэн, тун удахгүй зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Mongol nomad 2024” нохойн олон улсын үзэсгэлэн, тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Хорват улсад суралцдаг оюутнууд Монгол банхараа дэмжихээр иржээ
Монгол банхар үүлдрийг хамгаалах, өсгөн үржүүлж, цаашлаад дэлхийд таниулах их үйлсэд амжилт үзүүлж буй хамт олонд цаашдынх нь тэмцээн уралдаанд илүү их амжилт хүсье.