Миний бие оффшор дансгүй эгэл жирийн иргэн. Хэд хоногийн өмнө ажлын шаардлагаар хэсэг залуустай Казахстан явах болов. Монголын амьдрал ямар билээ. Мөнгөө хэмнэх зорилгоор машин, жижиг автобус хөлөглөн Казахстаны аялалд зориглон гарлаа. “Сайн хүн явснаа” гэдэг шиг, холын замд бидэрч явсных олон сайхан зүйл үзэж харлаа.
Ялангуяа Засгийн газраас “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгож, олон ажил хийхээр төлөвлөж байгаа энэ үед хүний нутгийн хөгжлийг дагаж дуураймаар, санаж сэдэж хиймээр, өрсөж хөгжмөөр олон зүйл таарах ажээ. “Хүн хэлэхээс нааш ухаарахгүй” гэдэг шиг хэн нэгэнд хэрэг болж магадгүй хэмээн зах зухаас нь сийрүүлэн бичлээ.
Хоноглох байр тухтай бол холын замд жуулчид зутрахгүй
Шөнө Ховд хотоор дайрахад тас харанхуй угтав. Засаг даргынхаа шийдвэрээр шөнө чухал биш газрууд нь гэрэл асаадаггүй гэлцэх юм. Харин гудамж нь гэрэлтүүлэгтэй байна. Улс даяар нэвтрүүлбэл хаа хаанаа хэдэн бор төгрөг хэмнэх, сайхан санаачлага байна.
ОХУ-ын хилээр нэвтрэхэд PR шинжилгээний хариу 48 цагийн хүчинтэй тул өдөржин шөнөжин давхиад, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор гарлаа. Хотоос машины итгэмжлэл, материал орос хэл дээр орчуулаад гарсан боловч D ангилалын үнэмлэхтэй жолооч давхар “Олон улсын хүн тээврийн зөвшөөрөл” авах ёстой гэж мэдээгүй тул ОХУ-ын Ташанта боомтоор гарч чадалгүй хил дээр хоноход хүрлээ.
Цагааннуур-Ташанта нь орон нутгийн чанартай боомт болохоор 24 цаг ажилладаггүй юм байна. Урт дараалалд өдрийн талыг үрж зогсоод, үдээс хойш Орос руу давав. Дөнгөж оронгуут гаалийн ажилтан нь “Ногоон бичиг чинь хаана байна. Та нарыг ногоон бичиггүй бол хаана ч явуулахгүй, торгоод буцаана. Та бүхний төлөө л санаа тавьж хэлж байна” гэв.
Бидний хажуугаар Казахстаны жолооч нар шууд давхиад л гарч байх юм. Янз нь ОХУ, Казахстан гэрээтэй бололтой. Дараалал дунд зогсож байсан казакуудаас Монгол Улсын иргэд торойгоод үлдэв. Хоёр оюутнаас туслалцаа гуйж учрыг нь асуулаа. Утасны дугаараа өгөөд, очоод залгаарай, тусалъя гэж байна.
Манай казак ах дүүс элгэмсэг сайхан хандаж байна. Монгол Улсын иргэншлээс гараад Казахстаны иргэн болсон нь “Би монгол хүн” гэсэн хандлагатай байгаа нь сайхан санагдав. Ингээд бидний ажил амжсангүй, цаг орой болсон тул Оросын харуулын цэргийн зөвлөснөөр машинаа хил дотор үлдээгээд бид Ташантагийн хилийн хажууд байдаг буудалд буудаллав.
Цэвэрхэн, тохь тухтай аятайхан газар байх ажээ. Манай улсад ч бас жуулчид хамгийн их зорьж очдог газруудад ийм тохь тухтай, стандартын шаардлага хангасан, авто машины зогсоолтой, эко жорлонтой, түр буудаллах зочид буудлуудыг олноор нь, бас сонголттой барьж байгуулмаар санагдав.
Ялангуяа, аялал жууллалын гол чиглэл, авто зам дагуу ийм газруудыг олноор нь барьж байгуулбал, холын замд жуулчид зутрахгүй, хөлс мөнгө харамлахгүй тухтай амраад явахыг чухалчлах юм байна. Эхний санаа энэ байв.
Хоёр улсын заагт бичиг баримтын бүрдүүлэлт хамгийн чухал
Бидний буудалласан газар гурван казак залуу бас хилээр гарч чадаагүй хонож байна. Бичиг баримт нь бас дутуу гэнэ. Маргааш нь хил дээр дахин очиж, сайн хүмүүсийн буянаар бичиг баримтаа яаж бүрдүүлэхыг заалгаж авав. Өөрөөр хэлбэл, Монголын хил дээр энэ бичгийг асуугаад, бичиг өгдөг хүний гэрийг нь заалгаад очиж авахаар боллоо. Бид ч дүүрч. Энэ талын мэдлэг мэдээлэлгүй, анх удаа явж байгаа улс. Өөрснийхөө туршлагаггүйг баахан гайхацгаав.
Уг нь бидний хувьд бүгдээрээ боловсрол мэдлэгтэй, оюуны хөдөлмөр эрхэлдэг, өндөр ёсзүйтэй, чухал царайлсан залуу хүмүүс яваа юм. Хэрэв манай хил дээр орох хаалганд нь энэ мэт бүрдүүлэх ёстой бичиг баримтын жагсаалтыг гаргачихсан бол бид түүнийг нь дагаж мөрдөх нь зүй ёсны асуудал байв.
Хоёр улсын хил дээр жуулчдыг зутраадаг, өдөр хоног алддаг зүйл бол бичиг баримтын бүрдүүлэлт юм байна гэдгийг цаашид хаа хаанаа анхаарах ёстой зүйл ажээ. Ингээд Оросын хил дээр өдөржин зогсож, хоёр дахь өдрийнхөө орой хилийн дээс алхлаа.
Оросын нутагт “Урьхан” шиг газар орлогыг “сааж” байна
Казахстаны иргэн болсон манай казах залуус хоёр улсын хооронд хүн зөөгөөд явж байна. “Эх орноо санаж байна. Бидний хувьд ажил, амьдрал болж байна” гээд ярьж байна.
Баян-Өлгий аймгийн автобусны жолооч нар, казак ахан дүүс “Зам мэдэхгүй бол залгаарай. Араас дагаад яваарай” гээд сайхан сэтгэлийг жинхэнэ утгаар нь ханхлуулж байна. Огт танихгүй хүмүүс хүртэл ватсап дугаараа өгөөд “Хэрэг болвол залгаарай, тусалъя” гэж байна. Хол газар, хүний нутагт манайхан энэ мэт элгэмсүү сайхан зангаас суралцаасай гэж бодов.
Одоо бид нар “Монгол хүн олуулаа нэг дор бөөгнөрч ажиллах дэмий” гэдэг үгийг хүний нутагт ажиллаж байгаа залуусаас их сонсдог болсон. Хүний мөс чанар муудсан, холхон яваарай нэгнээсээ гэж хэлэх ч хүн олон болсон байна лээ. Монголчууд бид уг нь хэзээний найрсаг, зочломтой, хүний сайхан сэтгэлээр гоёж амьдардаг улс. Нэгнээ гэсэн халуун сэтгэлийг хаана ч битгий гээгээсэй гэж хэлмээр байна.
Дараагийн нэг чухал санаа нь, Ташантад “Восточная кухня” гэдэг кафены тохь тухтайг гайхуулмаар санагдлаа. Кафены эзэн залуу бүсгүй сайхан ааштай, зочломтгой зантай гэж ярихын аргаггүй.
Оросын нутагт бүх кафе дотроо бие засах газартай, тэр нь цаастай, дээрээс нь гар угаах угаалтуур, дардаг шингэн савантай байх юм. Монголчууд бид ийм л зүйлийг санаж сэдээд хийчих юмсан гэж их хүсэв. Манайхны сайн мэдэх, Дарханы замд таардаг “Урьхан”, Лүнгийн замд таардаг “Урхан”-ы загвар л энд хаа сайгүй байх аж.
Хоёр улсын жуулчдаас ашиг орлогоо бүрдүүлдэг энэ мэт газрууд нь үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг үнэхээр сайн бодолцсон нь атаархал төрүүлэх шиг болов. Манай замын кафенууд суралцаасай. Ашиг, орлогынхоо бага боловч хувийг үйлчлүүлэгчдийнхээ тав тухын төлөө зарцуулдаг байгаасай гэж хүсмээр байна.
Жуулчдыг “ховсоддог” зүйл бол аюулгүй байдал, сайхан сэтгэл
Уулсын Алтайд аялал жуулчлал сайхан хөгжжээ. Зам зуур олон зочид буудал, кафенуудтай, үзэсгэлэнтэй байгальтай юм. Зам нь бартаа саад багатай, өндөр уулын даваа гүвээн дээгүүр уул нүхлээд тавьсан сүрлэг замтай юм. Холын зам туулж яваа хүнд аян зам аюулгүй, гэрэл гэгээтэй байх нь бас их таатай сэтгэгдлийг төрүүлдэг юм байна. Тиймээс Монголдоо ч бас хотоос гараад харанхуй угтдаг газрууддаа шөнийн гэрэлтүүлэг тавьж аюулгүй байдлаа хангах юмсан гэж бодов.
Жолооч нар маань шөнө олон цаг давхисаар, түр унтаж амрахаар нэг газар ирж зогссон нь “Ника” гэдэг том кафе байлаа. Гаднаа чамин ретро машин, мотоциклыг үзмэр болгон байршуулжээ. Энэ нь зам зуурын жуулчдад тун сонирхолтой санагдаж байна. Аялагч залуус маань ээлж дараалан орж, халуун хоол цай, кофе ууж тухлав. Ариун цэврийн өрөө рүү нь бүгд цуваад оров.
Хэн ч “Хүүе мөнгөө төл. Оруулахгүй” гэсэнгүй. Биднээс гадна даарсан, бээрсэн, төөрсөн өчнөөн аялагчид машинтай буудалцгаав. Кафеныхан хүлээцтэй, тоохгүй л байна.
Бид Монголдоо үйлчилгээний газрын соёлгүй, бүдүүлэг орчинд хэтэрхий дасчихжээ. Өөр газар найз нөхөд шиг дотно сайхан, элгэмсүү хандахад бараг л гайхаад, соёлын шоконд орж байна. Өглөө босоод бүгд тэр кафенд тухаллаа. Өглөөний цайнд орж, хангалттай орлого оруулж, сэтгэлд нийцсэн үйлчилгээгээ ч авав.
Олон төрлийн халуун хоол, нарийн боов, торт бүх юмтай сайхан газар байна. Ретро машин, мотоцикл дээр нь сууж баахан зураг татуулав. “Хүүе битгий хамаагүй хүрээрэй, эвдчихнэ” гэж бас хэн ч орилж хашгирсангүй. Энэ бас л монголчууд бидний суралцах ёстой зүйлсийн нэг ажээ. Зам зуур бид үзэж харах зүйлсээ үзэж, амжуулах ёстой зарим ажлуудаа амжуулсаар явав.
Хар теньтэй машин хэрэг зөрчилд их холбогддог гэв
Цааш давхисаар Семей хотод хонох гэтэл тенгегээр зөвхөн үйлчилдэг юм байна. Энэ бас их чухал санаа байв. Жишээ нь, Монголд зөвхөн монгол мөнгөөр, төгрөгөөр үйлчилнэ. Доллар, рублиэр үйлчлэхгүй гэдэгтэй агаар нэг юм. Иргэд нь их найрсаг, тусламтгай сайхан ард түмэн байна. Орос хэлтэй бол тэнд ямар ч санаа зовох зүйл алга.
Казахстан улс 30 жилийн дотор гайхамшигтай хөгжжээ. Зам бол гайхамшиг! Манай жолооч 140-тэй давхихад мэдрэгдэхгүй, 180 хүрээд айгаад больсон чинь хажуугаар нь 200-тай машинууд сүнгэнээд л байх юм. Аюулгүй байдлаа сайн хангаад давхих далд хүсэл мөрөөдөлтэй бол тэнд л хэрэгжүүлэх юм байна.
Замын голоор төмөр хашлагатай болохоор сөрөг урсгалаас машин орж ирнэ гэж айлтгүй, бүх замын турш замаа хамгаалаад, хоёр талдаа торон хашаа татчиж. Дээрээс нь хоёр эгнээ замтай юм байна.
Павлодор хотод “Восточная кухня” гэдэг кафе сайхан хоолтойгоороо алдартай юм байна. Угтах хүн маань тэнд саатаарай гэсэн болохоор нь орсон чинь үнэхээр жуулчдын ядаргааг тайлсан сайхан хоолтой, үнэ боломжийн газар байна.
Харин энд нэг чухал мэдээлэл сонирхуулахад, Астана орох замд цагдаа биднийг зогсоогоод цонхон дээрээ наасан тенээ авч хаяхыг сануулдаг юм байна. Манай жолооч хуулахгүй, зөндөө мөнгө төлсөн, шинэ тень гэх зэргийн юм ярив. Гэтэл цагдаа “Ийм цонхтой явбал та нарыг бүх газарт торгоно. Одоо хуулах хэрэгтэй” гэв.
Монголд ихэнх жолооч нар автомашиныхаа цонхонд хамгаалалтын хальс буюу бидний хэлж заншсанаар тень наалгасан байдаг. Хэдийгээр цонхоо теньдэх нь салонд тусах нарны хурц гэрлийг бууруулдаг ч гэсэн үүнээс үүдэн жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах сөрөг талтай гэдгийг цагдаа тайлбарлав.
Мөн сүүлийн үед гарч байгаа хулгай болон дээрмийн гэмт хэргүүдийг шалгаад үзэхээр ихэнх нь битүү хар теньтэй машинд үйлдэгдсэн байдаг гэнэ. Салхины шилэнд тень наасан автомашины жолооч “Гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөнд оролцдог гэдгийг ухаж ойлгов. Үүнийг ч гэсэн бид нийслэл хотдоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодов.
Ахуйн соёлыг орчны камер, торгуулийн хуудас хоёроор төлөвшүүлжээ
Астана хот бол үнэхээр хээр талын гайхамшиг юм байна. Анхны ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев агуу их хүн байна. Эзэнгүй талд 30-хан жилийн дотор гайхамшигтай орчин үеийн хийц загвар бүхий олон барилга, их дээд сургуулиудтай, төв талбай нь маш том, газар сайгүй хөшөө дурсгалуудтай үзэсгэлэнтэй хотыг сүндэрлүүлжээ. Хот нь ямар ч түгжрэлгүй. Энд ирсэн хүн бүрийн үзэх ёстой газрын нэг бол лалын шашны хамгийн том сүм. Бид ч бас орж үзэж, эндэхийн иргэдийн шашин шүтлэг, ёс заншилтай танилцав.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа ордог, эмэгтэй хүн алчуургүй бол тусгай зориулалтын халат өмсөөд, дотогш гутлаа тайлаад ордог юм байна. Сүм дотроо бясалгалын орчин шиг чимээ аниргүй, нам гүм юм. Хүн ганцаараа суугаад сэтгэл доторхоо уудлан Аллахтай ярьдаг юм байна. Хүмүүс тус тусдаа, ганцаараа ордог учраас гар утас оролдохгүй, хоорондоо ярьж гүйлдэхгүй, сэтгэлээ уудлах орчныг бүрдүүлж өгчээ. Эндээс гараад тус хотоор зугаалбал, Казахстаны хоол нь сайхан амттай, элдэв халуун ногоогүй, бүх юм нь ориг юм.
Гудамжинд нь согтуу хүн харагдахгүй, хэрэг төвөг хийх хүнгүй болохоор нь бараг гайхсандаа “Лалын шашинтай болохоор архи уудаггүй амар байдаг юм болов уу” гэтэл хаа сайгүй камертай, элдэв асуудал үүсгэсэн хүнд гар утсаар нь торгууль хүрээд ирдэг гэж байна.
Мөн л манайд нэвтрүүлчихмээр сайхан туршлага байна. Доод талын торгууль нь 4000 тенгегээс эхэлдэг гэнэ, тэр нь монгол мөнгөөр 13 000 төгрөг хавьцаа болж байна. Ахуйн соёл бас их хөгжсөн, бүх газар нь ариун цэврийн шаардлага хангасан, тохьтой орчныг бүрдүүлж өгчээ.
Астанагаас нилээд зайтай Чингис хааны том хүү Зүчийн бунхан Караганда мужид байдаг юм байна. Бид төлөвлөсөн ажил амжихгүй, орж чадаагүй ч Чингис хааны угсааны хамгийн ойрхон орших бодит дурсгал тэр юм байна. Иран улсад Монголын түүхэнд холбогдолтой маш их сайхан дурсгалууд байдаг ч бүр хол юм. Эрчим хүчний хувьд гайхалтай хөгжжээ, Павлодар хотоос өндөр хүчдэлийн дөрвөн эгнээ зам явж байна.
Монголчуудын тухай түүх өгүүлсэн том музей таарав
Буцах замдаа замаа 400 орчим км дөтлөөд ОХУ-ын Кулунда боомтоор орж ирлээ. Бүртгэлийн хуудсаа зорчигч гараар хөтөлдгийг болиод, тэд өөрсдөө компьютер дээр бичиж өгч байна. Залуу офицеруудыг нь дүрэмт хувцас, сорочкон цамц нь их чимжээ. Хамгийн гол нь зөв боловсон харилцаатай гэж.
Энд ирсэн хүмүүсийн цаг гарган үзэж сонирхдог зүйл бол музей. Бид ч бас тэр жишгээр Бийск хотын “Чуйн зам”-ын музейд орж үзээд гайхав. Бид өөрсдөө агуу их ард түмэн гэдгээ умартаад, гаднын соёл руу хошуураад байхад, хөрш маань бидний талаар бүтэн музейтэй байх юм гээд гайхацгаав.
Музейн үүдээр ороход ОХУ ба Монгол Улс хоорондын 1921.11.05-ны өдөр Москва хотод Найрамдалт харилцаа тогтоосон гэрээ өлгөөтэй байна. Тус гэрээгээр урьд Хаант засгийн үеийн шудрага бус гэрээг хүчингүй болгож, утсан харилцааны шугамыг үнэ төлбөргүй Монголын ард түмний мэдэлд үлдээн хувьсгалын өмнөх өр болох 1 сая алтан рублийг цуцалсан тогтоол өлгөөтэй байна. Түүний дагуу Чуйн замыг 1922 онд улсын чухал зам хэмээн тогтоожээ.
Мөн Монгол Улсаас Улаан Армид үзүүлсэн тусламж гээд самбар дээр Аугаа Их Эх Орны дайн эхэлсний маргааш өдрөөс Монгол Улсын иргэд цуглаан хийж, фронтод тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнүүлснээр Чуйн замаар дайны бүх жилүүдийн турш тусламж тасралтгүй явжээ. Хамгийн том цуваа 1942.09.17 -д хөдлөөд 1943 оны нэгдүгээр сард Бийск орсон нь 18 настай хувьсгалч залуучуудын эвлэлийн гишүүн Б.Лувсангаар ахлуулсан 1200 атан тэмээн жин байжээ.
БНМАУ-ын Баян-Өлгий аймгийн намын хорооны туг бас хадаастай байна. Мөн Торгоны замын нэгэн хэсэг тус Чуйн замаар дайран өнгөрч Монголын Эзэнт Гүрний үед монгол цэргүүд нутгийн омгийнхны шашны зан үйл хийх үед нь хамгаалдаг байжээ. Энэ мэтчилэн үзэж харах, өгүүлэх зүйл олон. Монгол Улс, ОХУ, Казахстан гурваас хамгийн хямд хоол хүнс, өртөг багатай нь ОХУ юм байна. Солиулсан тенгегээ Цагааннуурын боомт дээр сольж болдог юм байна.
Хязгаар нутгаа аялал жуулчлалаар хөгжүүлье
Эх орондоо бид нийт 7000 гаруй км зам туулаад буцаж ирэхдээ хамгийн эхний соёлын шоконд орсон зүйл нь өнөөх л гар угаах савангүй, боловсон бие засах газаргүй, нойлын цаасны талаар бүр бодох ч хэрэггүй газар ирж байгаагаа гэнэт санав. Хоёр хөршийн ахуйн соёлоос эх орондоо дэлгэрүүлмээр зүйл их байхсанжээ. Энэ бүхнийг жирийн иргэд хэрэгжүүлж хэвшүүлэх тухай одоо бодоод хэрэггүй байх.
Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье гэвэл үүнийг төр засгаас бодлогоор шийдэж өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, баруун хязгаараар зорчиход сэтгэл ихэд эмзэглүүлсэн зүйл гэвэл эх орны хязгаар нутаг ихэд эзгүйрчээ. Уул уурхайн олборлолт явуулж байгаа дүр зураг хаа сайгүй харагдаж байна.
Уул уурхай ажиллуулах нэрийдлээр нутгийн ард иргэдийг амьдрах нөхцөлгүй, малын бэлчээргүй, хуурай сайр болгоод байна уу гэмээр сэтгэл өвтгөсөн дүр зураг их харагдаж байна. Мөн халуунд халж, хүйтэнд хөрч, гадаад орон руу доншуучилж, биеийн амар хараагүй хязгаар нутгийн ард түмнийг Монгол төрийн зүгээс харж, тусгай хөнгөлөлт эдлүүлэх цаг нэгэнт иржээ.
Хязгаар нутагт амьдарч байгаа ард иргэддээ тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй санагдав. Мөн нийгмийн халамж гээд байгаа зүйлээ ялангуяа тэнд алба хашиж байгаа хилийн цэрэг, гаалийн ажилтан албан хаагчдын ажлын орчинд үзүүлмээр санагдав. Алба хаагчдын хувцас хунар, байр сав бусад нөхцлийг сайжруулмаар болжээ. Хилээс хөдлөөд дахиад л хаа сайгүй хогтой таарна.
Монголчууд бид хэзээ боловсон зугаалж сурах вэ? Бид эх орноо хайрлаж, хамгаалж, хойч үеийнхэндээ хадгалж үлдээхийн тулд жижиг зүйлээс эхэлж, хог тарихгүй байж сурцаая гэж уриалаад замын тэмдэглэлээ өндөрлөсү.
Нийтлэгч, багш доктор Д.Тог тох