Өчигдөр буюу Ням гарагт Францын нийслэл Парис хотын иргэд SUV (Sport Utility Vehicle) ангиллын том оврын суудлын автомашины зогсоолын төлбөрийг ердийн тарифаас гурав дахин өндөр болгох эсэх асуудлаар саналаа өгчээ.
Санал асуулгад оролцсон Парисчуудын 54.6 хувь нь өндөр төлбөртэй болгохыг дэмжсэн байна.
Гэхдээ ирц харьцангуй бага буюу санал өгөх эрхтэй иргэдийн 5.7 хувь байжээ.
“Парисчууд сонголтоо тодорхой хийлээ. Бусад хотууд ч энэ жишгийг дагах байх” гэж Парис хотын захирагч Анне Идальго мэдэгдсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлс ийм санал асуулга зохион байгуулах шалтаг болсныг тэр энэ үеэр тайлбарлажээ.
Олон нийтийн гаргасан шийдвэр Парис хотод өндөр үнэтэй, хүчин чадалтай, том оврын суудлын автомашинтай байх өртгийг улам өсгөж байна.
Зогсоолын шинэ тариф ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр SUV буюу 4×4 ангиллын автомашинуудын хувьд Парисын төвийн бүсийн зогсоолуудын нэг цагийн төлбөр 18 евро, хотын бусад хэсгийн зогсоолуудад 12 евро болж байна.
Шинэ тариф нь 1.6 тонноос дээш жинтэй дотоод шаталтын болон хосолсон хөдөлгүүртэй автомашинууд, 2 тонноос дээш жинтэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад үйлчлэх юм.
Гэхдээ өндөр тариф зөвхөн нийтийн зогсоолуудад үйлчлэх бөгөөд хувийн эзэмшлийн зогсоолуудад хамаарахгүй гэнэ.
Агаарын бохирдолтой тэмцдэг Respire хөдөлгөөний захирал Тони Ренуччи “Санал асуулгад Парисын иргэд яллаа. Энэ нь дөрвөн дугуйтай мангасууд манай хотын гудамжнуудад явах эрхгүйг сануулсан шийдвэр боллоо” гэж хэлжээ.
“Илүү хүнд жинтэй, илүү аюултай, илүү бохирдолтой SUV бол хүрээлэн байгаа орчны гамшиг юм” гэж Парис хотын дэд захирагч Эммануэл Грегуар сошиал хуудсандаа бичсэн байна.
Өнгөрсөн онд Парис хотын иргэд үүнтэй ижил санал асуулгаар түрээсийн цахилгаан скүүтерийг хориглох шийдвэр гаргаж байв.
Тухайн санал асуулгад боломжит иргэдийн 7 хувь буюу 103,000 хүн оролцож, Парис хотыг Европын анхны скүүтергүй хот болгосон юм.
Идальгогийн захиргаа Парисыг автомашингүй хот болгох бодлого, арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа.
Үр дүнд нь цар тахлын хөл хорионы дэглэм цуцлагдсанаас хойш өнгөрсөн оныг дуустал хугацаанд унадаг дугуйгаар зорчигчдын тоо 71 хувиар өссөн гэдэг.
Энэ удаагийн санал асуулгын шийдвэрийн үр дүнд Парис хотын нийт автомашины 10 орчим хувь зогсоолын өндөр төлбөртэй болж, хотын төсөвт жил бүр 35 сая хүртэл евро оруулдаг болохыг хотын зам тээвэр хариуцсан орлогч Давид Беллард мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian