Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас өнөөдөр “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгааны үр дүнг танилцуулав.
Уг судалгаанаас одоогийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн нөхцөл байдлын шинжилгээг танилцуулж байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин буурч байгаа ч хүн амын бүтэц, эдийн засгийн хөгжлөөрөө ойролцоо улсуудын жишгээс зөрүүгүй байна.
Манай улсад ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.45 сар байна. Энэ нь олон улсын дундаж болох 8.67 сараас бага үзүүлэлт аж.
Бодит цалин сүүлийн 10 жилд дорвитой өссөнгүй. Манай улсын цалингийн ДНБ-д эзлэх хувь адил түвшний улсуудаас 8.7-13.3 нэгжээр доогуур байна. Адил байхын тулд 45.9 – 50.5%-д хүргэхийг зорих нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.
Технологийн түвшин доогуур, түүн дээр ажиллах мэргэжилтэн дутмаг байгаа тул бүтээмж бага байна.
Сүүлийн 15 жилд худалдаа, бизнесийн удирдлагаар хамгийн олон хүн дээд боловсрол эзэмшжээ.
“Мэргэжлийн боловсролын боломжийг дутуу үнэлж байна”
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (МБСБ) төгсөгчдийн 43 хувь нь Их дээд сургууль (ИДС) төгсөгчдөөс өндөр цалин авч байна.
Алдагдсан боломж ба үр ашгийг тооцож үзвэл:
Их дээд сургууль
- Дөрвөн жил суралцаж, 22 настай хөдөлмөрийн зах зээлд орно.
- Сургалтын төлбөр жилд дунджаар 3.5 сая төгрөг, нийтдээ 14 сая төгрөг болно.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
- Хоёр жил суралцаж, 20 настайдаа буюу хоёр жилийн өмнө хөдөлмөрийн зах зээлд орно.
- Суралцах хугацаандаа сургалтын төлбөр төлөхгүй.
- Харин суралцах хугацаандаа 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна.
1991-2005 оны хооронд төрөлт сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад бага байсан. Тухайн үед төрсөн хүмүүс одоо 18-33 настай буюу одоогийн хөдөлмөрийн зах зээлийн гол бүлэг болж байна. Мөн сүүлийн таван жилд ИДС төгсөгчдийн тоо буурсан. Тухайлбал сүүлийн 13 жилийн дунджаар жилд 32.2 мянган залуус ИДС, коллеж төгсөж байсан бол 2018, 2022 онд 23 мянга болж буурчээ.
“2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ”
2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Шинэ мянганы залуус ажиллах хүчний том хувийг бүрдүүлэхээр байгаа тул хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна.
Албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна.
“Гадаадад ажиллах сонирхол өндөр байгаа бөгөөд цаашид буурах төлөв ажиглагдахгүй байна”
15-64 насны иргэдийн 67 хувь нь “Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой” байгаагаа илэрхийлсэн байна. Иргэдийн гадаадад ажиллах сонирхол өндөр байгаа ба цаашид буурах төлөв ажиглахгүй байна. Үүний шалтгаан нь орлогоос гадна байгаль орчны доройтол, хотын агаарын бохирдол зэрэг нийгмийн шинж чанартай байна гэж судалгаанд дүгнэжээ.