Улсын Их Хурал(УИХ)-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр тэрбээр үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад цогц шинжилгээ судалгаа хэрэгтэйг онцолсон. Түүнчлэн сүүлийн 12 жил буюу уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолж ирснээс хойших эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан юм.


Тухайлбал энэхүү баялгийн нөлөөлөл импортыг эрс нэмэгдүүлсэн байдаг. Инфляцыг хөөрөгдөж буй нэг гол хүчин зүйл бол импорт. Импорт нь ханшийг хөөргөж байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал төгрөгийн ханшийг сулруулж иржээ. Ханшийн нөлөөлөл үндэсний үйлдвэрлэгчдэд дарамт болж, татвар өндөр байна. Импортын хяналт сул учраас татвараа шударга төлдөг нь эргэлзээтэй юм.
Тиймээс татварын орлоготой холбоотойгоор татварын реформыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэлэв.
Мөн “Төсвийн зарлага талд нийтийн сахилга батыг нэмэгдүүлэх, бие даасан ил тод байдлыг буй болгох, хөндлөнгийн мэргэжлийн судалгаатай байх цогц шинэчлэл хэрэгтэй. Үүний тулд төсвийн зарлагын реформ хийх хэрэгтэй байна.
Өнөөдөр бүх төрлийн сангуудын хяналт, харилцаа төсвийн сахилга батыг ноцтой зөрчиж байгаа. Энэ бүхний засаж залруулахын тулд эдийн засгийн мөчлөг дагасан бус сөрсөн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү зөвлөл чухал үүрэг хүлээж байна.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, байнгын орон тооны ажиллах мэргэжлийн зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн босгыг өндөрсгөж, эрх мэдлийг нэмэгдүүлж, улс төрөөс ангид биеэ даасан байдлыг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр та бүхэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг хүсье” гээд анхаарч ажиллах чиглэлийг өгөв.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хөгжлийн бодлого тогтвортой, урт хугацаанд байхаар заасан.
Төсвийн реформ, төсвийн зарлагын реформ, энэ дотор нийтийн санхүүгийн реформ, сангуудын реформуудыг хийхийн тулд судалгаа нотолгоон дээр үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргаж УИХ-ыг шийдвэр гаргахад туслалцаа үзүүлж ажиллах ёстой. Зөвлөл нь Засгийн газраас хараат бус байж Төсвийн байнгын хорооноос хэрэгжүүлж байгаа төсөв, татварын реформд дэмжлэг үзүүлэх, төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж ажиллахыг үүрэг болгов.
Мөн зөвлөл эдийн засгийн таамаглалын, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэх зэргээр үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны гишүүн Д.Сандаг-Очир нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.