УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тиймээс энэ сарын 4-7-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хязгаарлахаар төлөвлөсөн байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Ням гариг хүртэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын манай Улсад хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын Улсын гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцоно уу хэмээн зөвлөжээ.