Хар тамхины хэргээр ОХУ-д 10 сар шоронд суугаад ялтан солилцоогоор нутагтаа буцсан АНУ-ын сагсан бөмбөгчин Бриттни Гринер улсынхаа шигшээд багтсангүй.
Шоронгоос суллагдаад WNBA-гийн “Финикс Меркури” багтаа тоглож буй Б.Гринер сонгон шалгаруулалтад дуудагдсан 18 тоглогчийн нэг болсон юм.
Гурав хоног үргэлжилсэн бэлтгэлийн дараа 12 тоглогч тунаж үлдэхэд Б.Гринер хасагджээ.
АНУ-ын эмэгтэй шигшээ баг Бельгийн Антверп хотод болох олимпын эрх олгох тэмцээнд оролцоно.
Америкчууд 2024 оны олимпын эрхээ хэдийнээ авчихсан ч бэлтгэлээ базаах зорилгоор тус тэмцээнд өрсөлдөх юм.
Бриттни Гринер хар тамхины хэргээр ОХУ-д саатуулагдсан тул 2022 оны лигийн улирлыг өнжсөн. Өнгөрсөн жил эргэн ирж 17.5 оноо, 6.3 самбар дундажласан юм.
Бельгийг зорих “Сэм авгын” шигшээд олимпын таван удаагийн аварга 41 настай Диана Таураси тэргүүтэй өмнөх олимпын багийн долоон тоглогч багтсан аж.
Эх сурвалж: Inside The Games