“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай биечлэн очиж танилцаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд 2023.04.13-нд “Cheese Republic Mongolia” ХХК-д ажиллаж бяслаг үйлдвэрлэгчидтэй уулзсан юм. Энэ үеэр “Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн аж ахуйн нэгжүүд болон иргэд бүтээгдэхүүнээ танилцуулж, санал бодлоо солилцсон.
Бяслаг үйлдэрлэгчид юуны өмнө үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарын шаардлагыг олон улсын түвшинд хүргэх, өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Мөн энэ чиглэлээр төр, засгаас санхүү, хөрөнгө оруулалт, татвар гээд бүх талын дэмжлэг үзүүлбэл ойрын жилүүдэд Монголын гэсэн өвөрмөц онцлогтой бяслагаар дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар экспортод гаргах бүрэн боломжтойг “Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Энхээ хэлсэн юм.
Монголчууд дотооддоо 150-160 тонн бяслаг үйлдвэрлэж, импортоор 3,000 тн бяслаг авдаг гэсэн судалгаа байдаг аж.