Валентины баярын өдөр гадаадын жуулчид Бали арал руу нэвтрэхийн тулд 9.60 ам.доллар буюу 150 мянган рупигийн хураамж төлөх ёстой болжээ. Энэ нь арлын байгаль орчин, соёлыг хамгаалах зорилготой арга хэмжээ гэж Индонезийн эрх баригчид мэдээлэв.
Бали арал нь онгон дагшин байгаль, үзэсгэлэнт наран шарлагын газар, далайн давалгаагаараа алдартай. Статистик мэдээлэл харахад өнгөрсөн оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Балид бараг 4.8 сая жуулчин иржээ. Covid-19 цар тахлаас өмнө Бали арлын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг аялал жуулчлал бүрдүүлдэг байв. Тэр дундаа Австралийн жуулчид хамгийн олноороо Балиг зорьсон байна. Үүний дараа Энэтхэг, Хятад, Сингапур зэрэг орны жуулчид оржээ.
Өнгөрсөн жил анх зарласан жуулчны татварыг Лхагва гариг буюу Валентины баярын өдрөөс эхлэн мөрджээ. Гэхдээ энэ журам дотоодын жуулчдад хамаарахгүй. Аялагчид Балиг зорихоосоо өмнө “Love Bali” цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлнө.
Гэвч Бали аралд ирсэн жуулчдын ёс зүйгүй үйлдэл сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийг бухимдуулах болжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн олон хэрэг гарсан учир гадаадын жуулчдыг мотоцикл унахыг хориглохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC