Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын Үнэлгээний төвийн дарга Д.Ганбат өнөөдөр /2023.06.19/ танилцууллаа.
“Энэ жил улсын хэмжээнд 47 шалгалтын байранд 2460 орчим комиссын гишүүд ажилласан. Нийт 93276 шалгалтад 34462 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн байснаас 31874 шалгуулагч хамрагдаж 92.6 хувийн ирцтэй байна. Математикийн хичээлээр хамгийн их буюу 21112 шалгуулагч өгч, хамгийн бага буюу 787 шалгуулагч орос хэлний хичээлээр шалгалт өгсөн байна. Өнөөдрөөс эхлэн шалгуулагчид ЭЕШ-ын онооны батламжаа хэвлэн авах боломжтой болж байна.
Өмнөх онтой харьцуулахад гүйцэтгэлийн онооны дундаж оноо өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 158 шалгуулагч 800 оноо авсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын дахин шалгалт наймдугаар сард болно. Найман хичээлийн шалгалтын дүн өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь уралдаант шалгалт буюу эрэмбэлэх зориулалттай тул үүгээр боловсролын чанарыг үнэлэх боломжгүй ч үндэсний хэмжээнд зохион байгуулж буй шалгалт гэдэг утгаараа дунд сургуулийн төгсөгчдийн түвшинг харж болохоор байна.
Өргөдөл гомдол тодорхой хэмжээнд гарч байна. Өнөөдрийн байдлаар 150 гаруй өргөдөл, гомдол ирсэн байна. Энэ 150 гомдол бол 100 хувь шалгалтынхаа дүн оноонд сэтгэл хүрэхгүй, шалгалтын материалтай дахин танилцах тухай өргөдөл ирсэн. Дүн оноотойгоо санал нийлэхгүй байгаа тохиолдолд боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж, шалгалтын материалыг гар аргаар шалгаж болно. Өнөөдрийн байдлаар 100 орчим шалгуулагчийн өргөдлийг шийдвэрлэсэн. Шалгалтын хариу зөрөөгүй.
Оюутан элсүүлэх журам шинэчлэгдэн батлагдсантай холбоотой ЭЕШ-ын зохион байгуулалт, агуулгад тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, математикийн чиглэлээр дагнан суралцах хүмүүс сонгон судлах агуулгын хүрээнд Математик-1 шалгалт өгнө. Харин суралцах мэргэжлийн чиглэлд нь математик дагалдах шалгалт байвал заавал судлах агуулгын хүрээнд Математик-2 шалгалтыг өгөх гэх мэтээр өөрчлөгдөнө.
Мөн байгалийн ухаан, нийгмийн ухааны нэгдсэн агуулгаар шалгалт зохион байгуулна.
ЭЕШ өгөх бүх хүн монгол хэл бичгийн шалгалтад хамрагддаг бол ирэх жилээс тухайн шалгуулагчийн суралцах ур чадварыг шалгана” гэв.
Иймд ирэх жил ЭЕШ өгөх хүмүүс оюутан элсүүлэх журамтай сайтар танилцахыг БҮТ-өөс зөвлөсөн. Мөн тус төвөөс есдүгээр сараас эхлэн шинэчилсэн журмаар авах ЭЕШ-ын жишиг даалгавруудыг үе шаттайгаар хүргэх юм байна.