Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв /НӨҮГ/-өөс 2023 оны зургадугаар сарын 12-19-ний өдрийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Бүтээлч болгоё” үзэсгэлэн худалдаа сүүлийн өдрөө үргэлжилж байна.
Төв талбайд цагаан асрууд сүндэрлэх бөгөөд майхнууд нь өөр өөрийн гэсэн онцлог шинжийг агуулжээ. Тус үзэсгэлэнд саван, арьсан цүнх, гоёл чимэглэл, эмийн ургамал, модон эдлэл, давсан цэцэг, эсгий урлал гэх зэрэг гар урлалын бүхий л зүйлийг худалдан борлуулж байгаа бөгөөд монгол өв соёл, уламжлалыг харуулсан бүтээлүүд илүү их байх аж.
Үзэсгэлэнд оролцож буй “Бүжин” брэндийн үүсгэн байгуулагч Ө.Гантуяагийн асраар зочиллоо.
Тэрбээр “Органик саван үйлдвэрлэл, гипсэн сувенир, охидын толгойн гоёл, давсан урлал зэрэг бүтээл хийдэг. Сувенирыг хүмүүсийн хүссэн загвар дүрсээр урлан бүтээж өгдөг. Дөрвөн жилийн хугацаанд гар урлалын бүтээгдэхүүн хийж байна. Энэхүү үзэсгэлэн нь найм дахь хоногоо үргэлжилж байна. Монгол гар урлал гэдэг утгаараа хүмүүс маш сайн худалдан авалт хийж, сонирхон зорьж ирж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа хүмүүс их байна. Манайхыг зорьж, хайж ирдэг хүмүүс ч байдаг. Бусад үед ч байнга захиалга авдаг. Захиалгын загвар, хэмжээнээс хамаараад хоёроос долоо хоногийн дотор захиалга гардаг” гэлээ.
Харин “Дуут урлан” компанийн эрхлэгч Д.Баярхуяг “Энэ удаагийн үзэсгэлэнд Азийн олон орны гар урлаачид, уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээнд үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү үзэсгэлэнд “Дуут урлан”-гийн хамт олон “монгол шатар” сэдвээр дагнасан үзэсгэлэн гаргаж байна. Үндэсний өв соёлыг хойч үедээ илүү гоёмсог болгож, түгээн дэлгэрүүлэх үүргийн хүрээнд Аттила хаан, Ромын байлдан дагуулалт, Чингис хаан Энэтхэгийн хаантай найрамдаж найр хийж буй дүрслэл, болдоггүй бор өвгөний үлгэрийн дүрслэл, монгол наадам, Мандухай сэцэн хатан зэрэг олон сэдэв бүхий шатрын урлалаар оролцож байна. Мөн монгол цацал гэх шинэ загвараараа оролцож байна. Дэлгүүрт 1.3 сая төгрөгийн үнэтэй байдаг шатар 650 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хямдралтай бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байгаад хүмүүс ихээхэн сайшаан хүлээн авч байна.
Ер нь бол дархан хүн ямар ч материалаар бүтээл хийх чадвартай байх ёстой гэж би боддог. Зэс, гууль, ган, шир, арьс, мод, мөнгө ,алт, чулуу зэрэг материалаар урлан бүтээдэг. Өв соёл болон монгол дарханг дэлхийд таниулах зорилгоор 30 гаруй жил ажиллаж байна. Цаашдаа ч уран бүтээлээ туурвисаар байх болно” хэмээн ярилаа.
Энэ жилийн хувьд Азийн хотуудын Ардын урлагийн наадамд 20 гаруй орны 160 уран бүтээлч биечлэн, 120 уран бүтээлч цахимаар оролцож байгаа нь онцлогтой бөгөөд энэхүү арга хэмжээнд дүүргийн арьсан эдлэл, гар урлал, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэдийг оролцуулж, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж буй.