Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны гишүүд Эрүүл Мэндийн Яам, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад өчигдөр гэнэтийн шалгалт хийжээ.
Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системгүй, хүний нөөцийн дутагдалтай, КОВИД-ын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зөрчил илэрсэн байна. Цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав.
Гурван давхар, 1,000 м.кв талбайтай тус агуулахыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ.
Уг агуулах нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект.
Эрүүл мэндийн салбарын нөөцийн тус агуулах нь ЗӨСҮТ-ийн хашаанд байрладаг бөгөөд 20 гаруй нэр төрлийн найман тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа аж. Олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл агуулахад зонхилон хадгалагддаг байна.
Ирэх сард эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйлийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, хяналт, шалгалтыг танилцуулан шаардлагатай тохиолдолд зарим асуудлыг тодруулахаар болжээ.
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар гишүүнээр ажиллаж байгаа юм.