Шинийн наймны өдөр дуучин Б.Бат-Энэрэл бие даасан анхны “Талархал” тоглолтынхоо үеэр Соёлын Тэргүүний Ажилтан(СТА) цол, тэмдгээр энгэрээ мялаалгасан.
Уг үйл явдлын талаар иргэд цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр буй. Үүний хариуд дуучин Б.Бат-Энэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан “МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү” хэмээсэн билээ.
Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад “Соёлын яаманд Номт Анар ХХК-аас Б.Бат-Энэрэлийг СТА хүндэт тэмдгээр шагнуулах хүсэлт, тодорхойлолтыг энэ сарын 16-ны өдөр ирүүлснийг холбогдох журмын дагуу шалгаж байна. Манай зүгээс дуучин Б.Бат-Энэрэлийг уг тэмдгээр шагнаагүй” хэмээх тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл ямар шаардлага хангасан хүнийг СТА цол тэмдгээр шагнадаг талаар тодруулахад
- Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан
- Ажлын өндөр амжилт гаргасан
- Онцгой бүтээл туурвисан
- Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй
- Соёл урлагийн салбарт 12-оос, тухайн байгууллагадаа гурваас доошгүй жил ажилласан байх журамтай гэлээ.
Харин түүнд тоглолтынх нь үеэр СТА тэмдэг гардуулсан талаар зарим эх сурвалжийн мэдээлснээр тэмдэг нь гараагүй байсан тул зохион байгуулагчид өөрсдөдөө байсан тэмдгийг зүүж өгсөн гэжээ.