Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн менежерээс 37 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутган, 2023 онд хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тэрбээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын-Үүд дэх ложистикийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Зүүнбаян төмөр зам” компанийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Б” нь БНХАУ-ын компанийн нэр бүхий хүнээс хахууль авсан гэх;
- “Н” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан гэх;
- “З” нь “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Мэтагро” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа “Мэтагро” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтан “А” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж бусдаас хахууль авсан гэх.