Улстөрчдийн амнаас сонссоор байгаад залхсан, магадгүй хамгийн худал үгсийн нэг нь эх оронч. Өөрөө өөртөө ийм өргөмжлөл өгчихсөн нөхөд өнөөдөр ч Төрийн ордонд цөөнгүй бий. Тэд камерны өмнө эх орон, иргэддээ хайр зарлаж, энтертаймент үзүүлнэ. Эсрэгээрээ камер унтрангуут эх орон, иргэдээ цөлмөнө, луйвардана. Нэг ёсондоо эх оронч-эдийн засгийн алуурчин хоёр нэг арьсны ард нуугддаг болсон нь бас нууц биш болсон. Сайхан зүйл амалсан болгоны санаа собака байсныг олон хүний нүүрнээс хууларсан баг, нүүрсний хулгай харууллаа, харагдууллаа. Энэ өнцгөөс харвал хулгайч, хулгайчийг бариарай гэж хамгаас тод, хамгаас чанга хашгирдаг гэх үг үнэний талтай.
Нэг.
Чуулганы Пүрэв гаригийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр МАН-ын олон гишүүн хэлэлцэх асуудлаа ойлгосонгүй юу эсвэл хэргээр мэдэн будилсан уу, СЕХ-ны гишүүдийг томилгоог биш сонгуулийн тогтолцоо, томсгосон тойргоо тойрон яриад байх. УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэхэд цагаан сараар ах дүү нартаа мөнгө бариад золговол яах вэ гэж асууж байх жишээний. Ц.Даваасүрэнгийн үг бүр элгийн.
“Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болж байгаа. Энэ 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз янзын юманд холбогдож байсан, тэр бүү хэл хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс ч орж ирнэ. С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ шүү дээ. Магадгүй дараа нь өөр улсууд шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна. Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй” гэж байх шиг. Ёстой нөгөө хүний толгой дээрх цагаан үсийг харах мөртлөө өөрийнхөө толгой дээрх тэмээг хардаггүй гэдэг шиг. Тэгж ярихдаа тулах юм бол Монголын төрд мянган Даваасүрэн биш ганцхан Баярцогт байсан нь илүү дээр.
Учир нь, С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Ц.Даваасүрэн шиг эх орныхоо эсрэг ажиллахгүй. Эдийн засгийн алуурчин хийхгүй юм даа. Монголд эрчим хүчний хомсдол нүүрлэхэд хүргэсэн жинхэнэ хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур чинь Ц.Даваасүрэн.
Саяхан хүртэл С.Баяр “Цахилгааны хомсдол гэхээр ИБУИНХУ-ын “M Power LLC”-н төсөл санагддаг. Шивээ Овоо дээр 750 МВТ (манай нийт хэрэгцээний 1/2) цахилгаан станцын хөрөнгөө босгон 2017-2020 онд барина. 1 кВт-ых нь үнэ 0.069 ам.доллар. Нүүрсний усны нуурыг цэвэршүүлж ундных болгоно. Цахилгаан станц түшиглүүлж том хүлэмж барина гэх мэт үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зуръя гэж байсан. Ц.Даваасүрэн сайд байх үед энэ төсөл гэнэт нурсан. Яагаад гэж би асуусаар 5 жил боллоо” гэж жиргэсэн.
Ц.Даваасүрэнгийн эрчим хүчний салбарт, бүр цаашилбал улсын эдийн засгийн хөгжлийн эсрэг гай ганцаар ч дуусахгүй байх. Түүний нураасан бас нэг төсөл нь Тавантолгойн цахилгаан станц. 2014 онд “Оюутолгой” компанитай байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг 2018 онд Эрчим хүчний сайд байхдаа цуцалчихсан. Эцэст нь Оюутолгой компани жилдээ 120 сая ам.долларын цахилгааныг урд хөршөөс худалдан авч байна. Энэ өнцгөөс хардвал “Оюутолгой” компанитай байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсных нь ард хятадууд, Багануурын цахилгаан станцыг гацаасных нь цаана оросууд байх магадлалтай.
Хоёр.
Багануурын цахилгаан станцыг барих асуудал хөндөгдөх үед түүний хэвлэлд өгсөн ярилцлага нь: Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж унагах магадлалтай. Мөн манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тиймээс зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ. Ямар эх оронч хүн ийм үг, үйлдэл гаргах вэ дээ.
Түүний хажууд С.Баярцогт бол хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн. Оюутолгойн гэрээг байгуулснаараа С.Баярцогт Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулахад гавъяа байгуулсан уу, байгуулсан. Түүний хийсэн олон ажлуудаас ганц Оюутолгойг нь дурдахад л хангалттай. Ц.Даваасүрэн мэт хөрөнгө оруулагчдыг хөөхөөс өөрөөр гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжиж, дэвшихгүй гэдгийг гадарлах ч үгүй хүн. Байнга хөрөнгө оруулагчдыг хөөе, тууя гэдэг, базууртай хүн. Тэгээд ч намын жагсаалтад С.Баярцогтыгоо оруулна уу, байна уу, Ц.Даваасүрэнгийн мэдэх хэрэг биш, Ардчилсан намын дотоод асуудал. Ц.Даваасүрэн өөрийнхөө асуудлыг өөрийнхөө намынхантай ярь. Намаа шантаажлах завсартаа АН руу, С.Баярцогт руу “хуцах” хэрэггүй. Ц.Даваасүрэнгийн шүлстэй, шүлсгүй АН явдгаараа явах ч биз.
ҮХНӨ-өөр сонгуулийн тогтолцоог пропорциональ болгоход хамгийн их эсэргүүцсэн хүн Ц.Даваасүрэн. Уул уурхайг эсэргүүцэж, хэдэн малчдын тархийг угаан, аяга, маягханаар сонгогчдын саналыг хамгийн их худалдаж авдаг хүн. Хөвсгөл аймгаас Ц.Даваасүрэн УИХ-д гурван удаа сонгогдсон. Хөвсгөл аймаг нь эдийн засгийн өрсөлдөх чадвараараа сүүл мушгидаг аймгийн нэг.
Жижиг тойргоос мянган Даваасүрэн сонгогдвол Монголын төр жинхэнээсээ дампуурлаа зарлахад хүрэх биз. Харин ч энэ мэт олон жил албан тушаалаас огт салдаггүй, насаараа улс оронд хор, хов хутгаж ирсэн хөгжлийн садаа нараасаа МАН салах хэрэгтэй, хэрэвзээ Ардын намд үнэхээр шинэ үе солигдож байгаа юм бол шүү дээ.
Яг үнэндээ насаараа шахуу Төрийн ордонд суусан Ц.Даваасүрэн Монголын хөгжилд ямар хөрөнгө оруулалт хийсэн юм бэ. Хэлэх үг, хийх үйлдэл бүр нь Монголыг хорлож ирсэн болохоос. Ц.Даваасүрэнг төрхөмд нь буцааж, С.Баярцогтыг төрийн ордонд оруулаад ирвэл харин эсрэгээрээ энэ улс орон чинь хөгжиж магадгүй юм.
Сонгогчдын хувьд Ц.Даваасүрэн, С.Баярцогт хоёрын хэн нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа хэрсүү болсон нь яамай. Ц.Даваасүрэнгээс өөр хүн байсан бол СЕХ-ныхноос сонгуулийг шударга зохион байгуулж чадах уу гэж асуух байлаа гэж.