Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж байгааг тус наадмын зохион байгуулагчид зарласан талаар Монгол Улсын Соёлын яамнаас мэдээллээ.
Ингэснээр “Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшжээ.
“Un Certain Regard” гэх төрлийг 1998 оноос хойш Каннын кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг болгосон бөгөөд шинээр гарч ирж буй кино найруулагчдын дэлхийн кино зах зээлд танигдах хөшүүрэг болох үүднээс бүрэн хэмжээний анхны эсвэл удаах киногоо бүтээсэн найруулагчдын киног нэр дэвшүүлдэг юм.
“Баавгай болохсон” кино нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ.
Найруулагч, продюсер П.Золжаргал энэ талаар ярихдаа “….“Баавгай болохсон” киногоор агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийг асуудлыг хөндөхийг хүссэн. Бид утаагаар амьсгалдаггүй, бид ахан дүүсийнхээ ядуурлаар амьсгалдаг.
Гэр хорооллын арын энгэрт хэн ч дуртайдаа нүүрс түлдэггүй. Хүмүүс дулаан хонохын тулд нүүрс түлж байгаа. Өнөө шөнө дулаан хонож амьд үлдэх үү, эсвэл эрүүл агаараар амьсгалж байгаад үхэх үү гэдэг сонголт дунд 220 гаруй мянган өрх амьдарч байна.
Гэсэн ч зарим нэг хэсэг нь үүнийг ойлгодоггүй. Өөрсдийнх нь хүүхдийг хордуулах гээд “покрышка” түлдэг гэж ойлгодог. Утаагүй нүүрс гараад л асуудлаа шийдчихсэн мэт хандаж байгаа ч арын энгэрт амьдарч байгаа хүнд утаатай эсэх нь эсвэл покрышка түлэх эсэх нь хамаагүй шүү дээ. Машины тос, ундааны саваа түлнэ. Тэр асуудлыг би хөндөхийг хүсэж энэ киног эхлүүлсэн.
Энэ кино бол 15 настай хүүгийн тухай кино. Ядуурлын тойрогт эргэлдэж байгаа хүүгийн тухай кино юм. Ядуурал хүнийг намаг балчиг шиг барьсан байдаг. Эндээс хүүхдүүдийг юу гаргах вэ гэхээр сайн боловсрол л юм. Ердөө л сайн боловсрол ядуурлаас гаргаж чадна.
Гэтэл амьдралын боломж хомс хүүхдүүдэд сайн боловсрол тэгш олдож байгаа юу. Миний “Шинэ Монгол” сургуульд авсан шиг боловсрол яагаад тэдгээр хүүхдүүдэд олдохгүй байгаа вэ гэдэг асуудлыг би хөндөж гаргахыг хүссэн юм.
Коронавирусын үед Ерөнхий боловсролын сургуулиудыг хамгийн түрүүнд хамгийн удаан хугацаанд хаасан. Гэтэл түлэх нүүрсгүй хүүхдүүдэд зурагт байхгүй шүү дээ. Юун гар утас, юун дата! Гэтэл коронавирусээс үүдэн боловсролын тэгш бус байдал бүр их ялгаа заагтай боллоо. Ирээдүйд ядуурлаас гарах боломж нь улам алсарлаа. Ходоодны мухраас хатгана гэдэг шиг би тэр хүүхдүүдийн өмнөөс энэ киногоороо дамжуулж орилмоор байна” гэсэн байна.