ОХУ-ын найм дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 15-нд болно. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг Тасс агентлаг Ням гаригт албан ёсоор зарлалаа. Путинээс гадна Украин дахь дайныг дэмжигч өөр гурван улстөрч нэр дэвшиж байна.
Гурван нэр дэвшигчийг нэрлэвэл, Төрийн Думын орлогч дарга, Шинэ хүмүүс намын гишүүн Владислав Даванков, Либерал ардчилсан намын удирдагч Леонид Слатский болон Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов нар багтаж байна.
Эндээс харвал 71 настай Путин ирэх сард болох санал хураалтад төвөггүй ялах төлөвтэй байна гэж “Reuters” агентлаг бичжээ. Тэрбээр 2000 оноос хойш ОХУ-ыг удирдаж байна.
Дайныг эсэргүүцэгч Борис Надеждин магадлал өндөртэй нэр дэвшигчээр нэрлэгдээд байсан ч Сонгуулийн төв хороо түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан билээ. Иргэдээс гарын үсэг цуглуулахдаа алдаа мадагтай ажилласан гэж түүнийг үзсэн тул өнгөрсөн Пүрэв гаригт энэ шийдвэрийг гаргажээ. 60 настай Надеждин Сонгуулийн төв хорооны шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргана гэсэн байна.
Эх сурвалж: REUTERS