“Сонгууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт хууль эрх зүйн мэдээлэл болон сонгуулиар гарч болох зөрчил, түүнээс хэвлэлүүд хэрхэн сэргийлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдал сэдэвт сургалтыг Глоб интернэшнл төвөөс GoGo.mn сайтын сэтгүүлчдэд сургалт орж, мэдээлэл өглөө. Тус төвийн хуульч, судлаач Л.Галбаатар “Хиймэл оюун ухааны хэрэглээ сонгуулийн үйл явцад нөлөөлөх нь” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно. Сонгуулийн сурталчилгаа энэ жил 17 хоног үргэлжлэх ба санал хураалт эхлэхээс 24 цагийн өмнө сурталчилгааг зогсоох хуулийн зохицуулалттай.
Энэ удаагийн сонгуулиар artificial intelligence (AI) буюу хиймэл оюун ухааны технологи ашиглан хуурамч мэдээлэл тараах вий гэсэн болгоомжлол байгааг УИХ-ын зарим гишүүн чуулганы танхимд хэлж байв.
AI-г ашигласан бичлэгийг жирийн сонгогч ялган таних боломжгүй учир улстөрч, нэр дэвшигчдэд AI ашиглахгүй гэдгээ амлахыг Технологийн компаниуд уриалж байна.
Улс төрчид сэрэмжлэх нь зүй ёсны хэрэг бөгөөд улстөрчдийг хиймэл оюуны технологи ашигласан бичлэгүүд цахим орчинд цацагдсан билээ. Жишээлбэл, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг өөрчилсөн 38 секундын хуурамч бичлэгийг Өвөрмонголын “Талын дуу хоолой” нэртэй цахим хуудсаар цацсан. Энэ бичлэгийг хиймэл оюуны “Deep fake” буюу хуурамчаар хүний царай, дуу хоолойг өөрчилдөг программ ашиглан бүтээснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, холбогдох хүмүүсийг шалгаж эхэлсэн тухай мэдээлж байв.
Мөн саяхан УИХ-ын дарга Г.Занданшатарын дуулж байгаа бичлэг цацагдсан нь мөн л хиймэл оюуны технологи ашигласан нь тогтоогдсон. Энэ мэтээр УИХ-ын сонгуулиар AI ашигласан хуурамч мэдээлэл цацах, түүнийг жирийн иргэд ялгаж чадахгүйгээс сонгогчдод буруу ойлголт өгөх сөрөг талтайг хуульд Л.Галбаатар онцолсон юм.
2024 оны дэлхийн 70 гаруй оронд сонгууль болох ба он гарснаас хойш хэд хэдэн улс орон сонгуулиа зохион байгуулаад байна. Сонгуулиудад хиймэл оюуныг дараах байдлаар урвуулан ашиглаж байна. Үүнд:
- Дуу хоолой. Бичвэр, дуу хоолойг ашиглан дуу хоолойг дуурайна. Өгөгдөл их байх тусам AI илүү сайн таньж, ялгахад хэцүү хуурамч мэдээлэл гаргана.
- Дуу дүрсний бичлэг. Бичвэр, бичлэгийн ашиглан Deep fack буюу хүний царай, дуу хоолойг ашиглах программыг хамгийн их хэрэглэж байна. Үүний жишээ нь дээр дурьдсан Ерөнхийлөгчийг хятадаар яриулсан, УИХ-ын даргыг дуулуулсан бичлэгүүд юм.
- Бичвэр зураг. Хиймэл оюун ухаанаар хүний зургийг өөрчилж болно.
- Бичвэр. Бичвэрийг ашиглан яриа болгоно.
Технологийн хөгжил нь хүний хөдөлмөр хөнгөвчлөх олон давуу талтай ч зарим сөрөг талтай. Ямар нэг контентыг хувиргаж, хуурамч мэдээлэл болгох эрсдэл бий бөгөөд ялангуяа сонгуулийн үед AI-г буруугаар ашиглах нь сонгогчийн итгэл алдуулж төөрөгдөлд оруулдаг, сонголтод нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
Тиймээс технологийн 20 том компани 2024 оны сонгуульд хиймэл оюун ухааныг урвуулан ашиглахтай тэмцэхээ мэдэгдсэн байна. Үүний тулд:
- AI ашигласан хуурамч контенттой холбоотой эрсдэлийг бууруулах технологи хөгжүүлэн хэрэгжүүлэх, AI ашигласан бол шошгожуулахыг уриалж байна.
- Хуурамч контентыг өөрсдийн флатформоос илрүүлэх
- Дэлхийн олон орны иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах
- Хуурамч контентыг илрүүлэн шийдвэрлэх, мөн хэрхэн шийдвэрлэснээ олон нийтэд ил тод мэдээлэх зэргээр ажиллаад эхэлжээ.
AI-г ашигласан бичлэгийг жирийн сонгогч ялган таних боломжгүй учир улстөрч, нэр дэвшигчдэд AI ашиглахгүй гэдгээ амлахыг Технологийн компаниуд уриалж байна. Хэдийгээр хиймэл оюун ухаан ашиглахыг үгүйсгэх боломжгүй ч ёс зүйн зарчмаа баримтлан ажиллахыг уриалж буй юм.
Дэлхий дахинд анх удаа 2021 оны 11-р сард ЮНЕСКО-гоос Хиймэл оюун ухааны ёс зүйн дүрмийг баталж, улс орнуудад зөвлөмж болгосон. Дараа нь G7 буюу “Их долоо”-гийн бүлгийн орнууд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг хөгжүүлж буй компаниудад зориулсан тусгай дүрмийг 2023 оны аравдугаар сард батлан, мөрдүүлж эхэлжээ.