Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс чанамлын “Еден” ХХК-д ажилласан юм. Тус компани одоо 80 гаруй ажилтантай. Хорь орчим төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэн 5000 гаруй худалдааны цэгээр дамжуулан борлуулдаг ажээ.
Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд аймагт 300 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй. Үйлдвэр нь хоногт 20,000-25,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ирэх зургаадугаар сард шинэ шугам ашиглалтад оруулж үйлдвэрлэлээ өргөтгөх юм байна.
Цаашид жимс, ногоо боловсруулах шинэ үйлдвэр, 648 мв.кв талбай бүхий гүн хөлдөөх, 837 м.кв талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах барьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс тариалах жишиг аж ахуй байгуулахаар төлөвлөжээ.
Уулзалтын үеэр “Еден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хүрэлбаатар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээл олгож, гаалийн албан татвар болон НӨАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлт үзүүлж байгаа нь үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах, хүчин чадлаа нэмэх том боломж, дэмжлэг юм гэдгийг онцлов.