Нийтийг хамарсан гал түймэр, гамшгийн үед нисэх буудлын тусгай зориулалтын техникүүдийг дайчлан ашиглах бүрэн боломжтой ажээ. Энэ талаар нисэхийн доктор(РЬ) Т.Батжаргалтай ярилцлаа.
– Саяхан газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас болж урьд өмнө нийслэлд гарч байгаагүй аймшигтай явдал боллоо. Үүний улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдсэн. Энэ үеэр бүхэл бүтэн ОБЕГ орон сууцны барилгын есөн давхараас дээш ассан галыг унтраах техникийн боломжгүй гэдгийг харлаа. Олон давхар орон сууц галд авалцахад зүгээр харж байгаад л шатаачхав. Гэтэл Олон улсын нисэх буудлын өндөр хүчин чадалтай гал унтраах машинууд байдаг гэв үү. Эдгээрийг нийслэл хот дотор нийтийг хамарсан ахуйн болон объектын гал түймрийг унтраахад ашиглаж болдог уу?
– Ер нь нийгэмд учирч байгаа нийтийг хамарсан гамшиг, гал түймэр, хорт хийн дэгдэлт, онц их хэмжээний агаарын бохирдол, олныг хамарсан гэнэтийн осол, байгалийн гамшиг үер ус, цас зудтай орон нутгийн ард иргэд, онцгой байдлын тангараг өргөсөн албан хаагчид бүхий л боломжоо шавхан тэмцээд ч хүч мөхөстөх тохиолдол гарч байна. Ийм аюул гамшгийг давж гарахад улс нийтээрээ нэгдэн тэмцэх хэрэгтэй. Ялангуяа төрийн байгууллагууд идэвх санаачилга гаргаж дотоод нөөц бололцоо, хүн хүчээ гарган зохион байгуулалтад орж хамтын хүчээр тэмцэх хэрэгтэй.
Дараа нь иргэдэд учирсан хор хохирлыг барагдуулахад ч гэсэн нийгэм олон нийт хандив тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ард түмнээрээ нэгдэн нягтрах хэрэгтэй л байгаа юм. Саяын гарсан шиг их хэмжээний объектын болон ахуйн гал түймэр нийслэлд тэр дундаа орон сууцны хороолол дунд гарахад Буянт-Ухаа нисэх буудлын галын машинуудыг нэмэлтээр гарган унтраалгаж байсан туршлага байдаг.
Би тодорхой баримт хэлье. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр жагсагчид Тусгаар тогтнолын ордон руу дайрч галдан шатаасан балмад хэрэг гарсан даа. Энэ галыг унтраахаар очсон хотын гал командын автомашин техник хэрэгсэл үнэндээ хүчин мөхөстсөн. Тухайн үе бид ажил дээрээсээ энэ бүхнийг зурагтаар үзэж байв. Тэр өдрийн нислэгүүд ч явагдаад дууссан байсан л даа.
Тэгэхэд миний санал болгосны дагуу манай ИНЕГ-ын С.Батмөнх дарга их зоримог шийдвэр гаргаж байлаа. Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Гал унтраах албаны “OSHKOSH” Т-1500 маркийн АНУ-д үйлдвэрлэсэн гал унтраах хоёр автомашиныг нисэх буудлын хамгаалалтын бүсээс гадагш гаргаж МАХН-ын байр руу хөдөлгөсөн. Тэр өдрийн ээлжийн ахлагч Б.Мөнгөнжигүүр гал сөнөөгчдийг ахалж очсон юм.
Манай техник хэрэгслүүдийг очиход гал хэдийнээ МАХН-ын байрны дээд давхарт авалцаж байв. Ингээд галыг 100 метрийн зайнаас шүршин унтраасан юм шүү дээ. Энэ хоёр машин бол аюулд орсон агаарын хөлгийн галыг унтраах зориулалттай. Ус, хөөс, химийн хуурай нунтгаар цэнэглэгдсэн маш оновчтой хүчтэй шүршдэг өндөр хүчин чадалтай машинууд.
Саяын шатсан цестирийг галын хөөсөөр л хучаад унтрааж чадна. Одоогоор Буянт- Ухаа нисэх буудал тогтмол нислэггүй, гал унтраах авран туслах албаны гал сөнөөгчид нь зөвхөн өдрөөр ажилладаг. Тэр хоёр “OSHKOSH” Т-1500 машин бэлэн байдалд байдаг юм. Тэгэхээр цаашид нийслэлд баригдсан өндөр барилгуудын ахуйн болон объектын томоохон хэмжээний болзошгүй гал түймрийг унтраахад одоо Иргэний нисэхэд ашиглаж байгаа гал унтраах хүчирхэг автомашинууд шиг галын техник хэрэгслүүдийг хотын гал командад авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эдгээр нь олон улсын нисэх буудлын стандарт, категор хангасан, Австри улсад үйлдвэрлэсэн машинууд юм.
– Хойшид нийслэлд баригдсан 20, 30 давхар өндөр барилга, объектод гал гарлаа гэхэд ийм машинууд гарсан галыг унтрааж хүчрэх үү, ер нь ямар техник төхөөрөмж нэвтрүүлэх хэрэгтэй вэ?
– Манай нөхцөлд тийм өндөр 20, 30 давхар барилгад гарсан галыг унтраахад газрын техникээр тэмцэж чадахгүй нь мэдээж хэрэг. Шаардлагатай шинэ техник технологийг нэн даруй нэвтрүүлж хүн хүчээ сургаж бэлтгэх хэрэгтэй. Орчин үед өндөр барилга, байгууламжид гарсан гал түймрийг унтраахад нисдэг тэрэг ашигладаг. Нэн даруйдаа гэвэл энэ зориулалтаар ОХУ-д зохион бүтээгдсэн олон талын зориулалттай “Ка-32А11ВС” гэдэг давхар сэнстэй, таван тонн дүүжин ачаа даах чадвартай, дотроо усны банктай, өндөр даралтын усан буутай нэмэлт цахилгаан мотортой нисдэг тэргийг ОБЕГ-т авч ашиглах хэрэгтэй.
Эсвэл одоо манайд байгаа “Ми-8”, “Ми-171” маягийн 5-6 тонн ачаа тээвэрлэх даац сайтай нисдэг тэргэнд гал унтраах тусгай тоног төхөөрөмж нэмэлтээр суурилуулж байнгын бэлэн байдалд байлгаж энэ мэт болзошгүй гал түймрийг бага дээр нь газар авхуулалгүй агаараас шуурхай унтраах боломжтой. Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрсөн гал унтраах нисдэг тэрэг 8-15 минутын дотор л нийслэлийн аль ч өнцөгт хүрч чадна.
Ер нь ОБЕГ-т ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 10-25 гал сөнөөгчдийг багаж хэрэгсэл, хоол хүнстэй нь тээвэрлэх даац, багтаамжтай, олон талын зориулалттай нисдэг тэргээр хангаж өгөх хэрэгтэй. Энэ жил Франц Улсын Засгийн газрын зээлээр ОБЕГ-т 24 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах болсон гэж сонссон. Сангийн сайд болохоор 38.9 сая еврогийн зээлийг ОБЕГ-ын тоног төхөөрөмж авахад зориулна гэж ярьж байна лээ. Тэгэхээр эдгээр зээлийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй.
Франц улсад үйлдвэрлэдэг “AirBus Helicopter 332” маркийн даац сайтай том нисдэг тэргийг тэр зээлийн хөрөнгөөр авсан ч болно. Хамгийн гол нь өндөр ур чадвартай нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, дадлагын нислэг сургуулилалтыг сайн хийлгэж бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Өмнө Онцгой байдлын газарт “EC-145C2” маркийн гурван нэгж, сургалтын зориулалттай “Cabri-2” нисдэг тэрэг нэг нэгж авсан байдаг. Эдгээр “ЕС-145С2” маркийн жижиг нисдэг тэргүүд нь ашиглалтын зардал бага. Бас багахан хэмжээний ослын газарт тусламж үзүүлэхэд ач тустай. Олныг хамарсан томоохон хэмжээний аюул гамшигт авран хамгаалах ажиллагаа явуулахад учир дутагдалтай.
– Одоо осол болсон газар орчны агаарт хий тархаж агаарын чанарыг ихээр муутгасан гээд тэр орчмын сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах боломж, тоног төхөөрөмж техник манайд байдаг уу?
– Өвлийн улиралд төв Ази, Сибирь, Монгол орны агаар мандлын доод хэсэгт инверсийн үзэгдэл ажиглагддаг. Иймд салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн тогтдог. Үүнийг дээр цагт “байнга”, “байнгатай байна” гэдэг байсан юм билээ. Иймд утаа хуримтлагдаж бохир агаар тогтоод байгаа юм.
Биднийг хүүхэд байхад Улаанбаатарын агаар ийм ч бохир байгаагүй. Гэтэл одоо салхи гарахгүй л бол агаарын энэ бохирдол арилахгүй. Тэгэхлээр “газ” дэлбэрсэн гамшгийн орчинд нь зохиомлоор салхи үүсгэн бохирдсон агаарыг албадан хөдөлгөөнд оруулж сарниулах хэрэгтэй. Саяын хийн дэлбэрэлтийн улмаас хэдэн хоногийн турш энэ хэсэгт бохирдсон агаарыг сарниулахад ашиглаж болох техник төхөөрөмж Иргэний нисэхэд байна.
Тодруулбал нисэх онгоц бууж хөөрөх нислэгийн зурвас, зам талбайн цас мөс цэвэрлэх зориулалттай “ТМС-65″ хэмээх “Урал” машин дээр “МиГ-15″ сөнөөгч онгоцны “ВКА- 1А” хөдөлгүүр суурилуулж тоноглосон тусгай зориулалтын автомашиныг ашиглаж болох юм.
Зөвлөлтийн зохион бүтээгчид нисэх онгоцны тийрэлтэд хөдөлгүүрээс гардаг асар хүчтэй халуун хийн урсгалын хүчийг ашиглан химийн зэвсэг хэрэглэсэн үед хорт утааг сарниулах, бохирдсон машин техникийн гадаргууг цэвэрлэж ариутгах зорилгоор энэ машиныг бүтээсэн байдаг. Мөн аэродром дээр их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэхэд, ялангуяа цас маш ихээр унадаг Сибирийн нисэх буудлууд, цэргийн аэродромуудад өргөнөөр ашиглаж ирсэн.
– Ийм машин манайд хэчнээн байдаг юм бэ?
– ИНЕГ-ын мэдэлд гурван ширхэг байдаг. Буянт-Ухаа, Мөрөн, Дорнодын нисэх буудалд тус бүр нэг, нэг байгаа.
– Тэгвэл энэ их цас, зудтай үед зам харгуй гаргахад хамгийн их хэрэгтэй эд байна шүү дээ. Яагаад ашигладаггүй юм бол?
– Ер нь бол цас, мөсийг халуун агаараар хуу үлээнэ. Тэр байтугай адуу зоогдсон өндөр цасыг юу ч үгүй үлээх хүчин чадалтай. Цас зуд нүүрлэж байгалийн гамшиг тохиосон газарт бэлчээрийн талбай хүртэл гаргаж болно. Цас их орохоор Завханы Загастайн даваа, Архангайн Цагаан даваа, Эрдэнэтийн Хөшөөтийн даваа хаагдчихдаг шүү дээ.
Хүний хөдөлгөөн ихтэй эдгээр даваануудад дээрх техникийг аваачиж зам гаргах бүрэн боломжтой. Гэвч ашиглалтын зардал нь их гээд ажиллуулахгүй хадгалсаар байгаа юм. “ТМС-65″ машин дээр суурилуулсан “ВКА- 1А” тийрэлтэт хөдөлгүүрийг хөөрөлтийн их горим дээр нь ажиллуулахад нэг цагт 900 л “ТС” нисэх онгоцны шатахуун зарцуулдаг. Өндөр зардалтай гээд сул зогсоож байгаад ашиглалтгүй нэрийдлээр актлуулж хувьдаа авах гэж тодорхой хүмүүс завдаж байсныг нь миний бие таслан зогсоож байсан ч удаатай.
– Ямар учраас хувьчилж болохгүй гэж. Агуулахад зэвэрч байхаар хувийн хэвшилд өгчихвөл илүү үр ашигтай юм биш үү. Энэ техникүүдийг өөр юунд ашиглаж болох вэ?
– Дээр хэлсэнчлэн эдгээр “ТМС-65” машинуудыг гэнэтийн их хэмжээний цас орж хөдөө орон нутгийн зам харгуй, уул даваа цас мөсөнд хаагдаж ердийн багаж техник, хүн хүч арилгаж дийлэхгүй хүчин мөхөстөх газарт ашиглаж болно. Зөвлөлтийн “Урал” машин гэдэг бол их хэмжээний цас, мөс, намаг шавар устай бартаа саадтай газар туршигдсан, туулах чадвар асар өндөр.
Гагцхүү тийрэлтэт хөдөлгүүрийг ажиллуулахад шаардагдах өчүүхэн хэмжээний шатахуун “ТС” (керосин)-ыг нь нийгмийн хариуцлагын хүрээнд нисэхийн компаниуд, нисэх онгоцны “ТС” шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зохих хувиар хариуцах зэргээр шийдэж болно. Тэгэхээр “ТМС-65” автомашиныг ажиллуулдаг нарийн мэргэжлийн инженер, оператор, техникчдэд илүү цагийн ажлын хөлс, урамшуулал олгож, техник үйлчилгээг тогтмол хийлгэн асааж, ажиллуулж байнгын бэлэн байдалд төрийн өмчид байлгах шаардлагатай.
Жишээлбэл зүүн бүсийн авто зам үе үе цасанд хаагддаг. Тэр үед нь Дорнодын нисэх буудлаас, мөн баруун бүс болон Хангайн бүсийн зам даваа хаагдаж онц байдал тогтоосон үед Мөрөн нисэх буудлаас энэ “ТМС-бб” машиныг дайчлан гаргуулдаг байж болно. Энд зөвхөн төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, удирдлагуудын эх оронч сэтгэл зүтгэл байхад л шийдэж болох зохион байгуулалтын асуудал байгаа юм.
– Та энэ бүхнийг сайн мэддэг мэргэжлийн хүний нэг байж саяын газ дэлбэрсэн ослын үед яагаад дээрх техник хэрэгслүүдийг хэлээд гаргуулж болоогүй юм бэ?
– Надад тийм эрх мэдэл байхгүй л дээ. Тэгээд ч би шинэ он гарахын өмнөхөн орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Ажилгүй яваа хүний үгийг хэн сонсох билээ. Би ажил албан тушаалтай байхдаа энэ мэт санал санаачилга гарган эрх бүхий хүмүүст хэлж зөвлөж л байлаа.
Тухайлбал би 2017 онд “ТМС-65” машинуудыг хөдөө орон нутгаас татан авч ирж техник үйлчилгээг нь хийлгээд өвөл хотын утаа агаарын бохирдол өндөр үед Баянхошуу, Дэнжийн 1,000, Зурагт, 100 айл, Долоон буудал гэх мэт тодорхой нэг байрлалд энэ машинуудаа нэгэн зэрэг ажиллуулж зохиомлоор салхи гарган бохирдсон агаарыг хөдөлгөөнд оруулж угаарын хийг саармагжуулах боломж байна гээд хотын ерөнхий менежер Т.Гантөмөр гуайтай уулзаж байсан юм.
Миний саналыг Т.Гантөмөр дарга сонирхон дэмжиж Ус цаг уур, орчны шинжилгээний газарт очиж тэдний супер компьютерт “ТМС-65” машины техникийн үзүүлэлтүүдийг оруулж тооцоолол хийлгэж үзэхэд хоёр км.хавтгай дөрвөлжин талбай газрын тогтмолжсон агаарыг хөдөлгөөнд оруулна гэсэн урьдчилсан тооцоо гаргаж өгч байсан. Үүнийг үндэслээд нийслэлийн утааны бохирдол хэт ихэссэн нэг газрыг сонгож туршилт явуулах ёстой болсон.
Гэвч манай дарга нар шатахууны зардал их гарна гэх мэтээр шалтаглан дэмжээгүй. Хүнд суртал гарган аргацаасаар хаврын cap гарч утаа ч арилсан даа. Ингээд миний сэдэж хөөцөлдсөн ажил тэгсхийгээд орхигдсон. Энэ ажилд нэг их зардал хөрөнгө ороод байхгүй.