Нийслэлийн нийтийн тээврийн 71 чиглэлийг буцаан сэргээсэн болон бусад асуудлаар өнөөдөр /2024.01.22/ Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Иргэдээс хамгийн их санал ирсэн 71 чиглэлийг буцаан сэргээсэн. Нийтийн тээврийн автобусны чиглэлийг 100 хувь шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжүүлсэн ч олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлын дагуу дээрх 71 чиглэлийг эргэн сэргээх арга хэмжээ авсан. Ингэснээр 65 хувийн шинэчлэлийг авч үлдээд 35 хувийг өөрчилж байгаа юм.
Мөн хот орчмын 15 чиглэлийн үйлчилгээг хэвээр үлдээлээ. Дунд оврын автобусны таван чиглэлийг хэвээр үлдээж байгаа. Эдгээр чиглэлүүдийн хүртээмж сайн байгаа судалгаа гарсан тул өөрчлөөгүй.
Гэр хорооллоос буюу өндөржилт ихтэй газруудад том оврын автобус явах боломжгүй байгаа тул дунд оврын автобус явуулж эхэлсэн. Энэхүү зохицуулалт нь гэр хорооллын иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилготой. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд дээрх чиглэлээр нийтийн тээвэр үйлчлэхэд иргэдэд хүрэх хүртээмж нь сайн байна гэдэг судлагаа гарсан тул өөрчлөхгүй хэвээр үлдээсэн.
Чиглэлүүдийг өөрчилсөн нь 1 буудал дээр 28 автобусын чиглэл давхацдаг байсныг арилгах зорилгоор энэ өөрчлөлт хийсэн.
Мөн хамгийн их иргэд зорчдог чиглэлийг авахын тулд нийтийн тээврийн салбарт бизнес эрхлэгчдийн дунд маш том өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсдэг энэ тогтолцооноос салах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр нийтийн тээврийн шинэчлэлийг эхлүлж, 65 хувийн өөрчлөлт хийж, цааш нь үргэлжлүүлээд явахаар болсон.
Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн хүрээнд хийж байгаа шинэчлэл нь зөвхөн чиглэл бус, парк шинэчлэл. Хүртээмжтэй явуулах тал дээр Энхтайвны өргөн чөлөө дагуу байдаг хажуугийн зогсоолуудад хаалт тавьсан. Энхтайвны өргөн чөлөө буюу хамгийн их ачаалал авдаг хэсэгт нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч халаас руу орсон автомашинууд саад учруулдаг гэсэн судалгаа байдаг тул дээрх арга хэмжээг авсан. Хэрэгцээтэй зогсоол уу гэвэл бодит байтал дээр тийм биш. Оршин суугчид, албан хаагчид бүтэн өдрийн турш машинаа тавьдаг учраас зогсоол сэлгэлт муу. Өглөө эрт ирсэн азтай хүний зогсоол болж хувирдаг тул зогсоол хуваалцах үр нөлөө байхгүй учраас машины зогсоол болгосныг өөрчилж, хаалт тавьсан.
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 612 мянга болж, нэмэгдсэн. Гэтэл автозамын сүлжээ нэмэгдэхгүй байгаа тул замын түгжрэлээс салахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Чиглэлийн хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд судлагдсан, 10-аад жилийн өмнө энэ судалгааг мэргэжилтнүүд танилцуулж байсан.
Улс төрийн нөхцөл байдал амаргүй, сонгууль ойртсон амаргүй үе байсан ч түгжрэлийг бууруулах зорилгоор хийсэн. Гэвч хүмүүсийн олон жил хэвшсэн амьдралын хэвшил нь өөрчлөгдсөнд бухимдсан. Буцаагаад 71 чиглэлийг сэргээж байгаа учраас түгжрэлийн асуудлыг шийдэх боломжгүй болж байна гэлээ.