Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийтгэх тогтоолоо танилцууллаа.
Гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд өчигдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдсөн байна.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж буруутгаж буй. Эл зүйл заалтаар Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.