Хоёр жилийн өмнө эрх баригчид “Пүүз, жийнс өмссөн байсан ч хувцасны дэг тавихгүйгээр Төрийн ордон руу нэвтрүүлнэ” гэж сүржин PR хийн, дэг журмыг өөрчлөхөө мэдэгдэж байсан ч өнөөдөр бахь хэвээрээ аж.
Учир юу вэ гэвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, хуульч Х.Номингэрэл өнөөдөр /2024.02.15/ Төрийн ордон руу орох гээд чадсангүй. Төрийн ордны хамгаалалтын албаныхан түүнийг жийнс өмссөн гэдэг шалтгаанаар саарал ордон руу нэвтрүүлээгүй юм. Тэрбээр Ардчилсан намын өнөөдрийн 4:11 мэдээллийн цагт оролцож, орон нутагт хаваржилт хүндэрч байгаа, нийслэлийнхэн нь шар усны үерт “урсаж” болзошгүй аюултай нөхцөлд байгаа талаар мэдээлэл хийх байсан юм.
Уг нь хоёр жилийн өмнө шахам УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгох асуудлаар мэдээлэл солилцох үеэрээ дээрх асуудлыг хөндөж байсан удаатай. Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгохын тулд тусгаарлаж, төмөр хашаа хатган, цагдаагийн пост гарган нэлээд хамгаалалт босгосон бол харин хувцасны дресс кодыг байхгүй болгох асуудлыг шийдээгүй аж.
Уг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 10 гаруй гишүүн Төрийн ордон руу нэвтэрхэд мөрддөг хувцасны дресс кодыг өөрчлөх төслийг өргөн мэдүүлж байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Энэ бол зөвхөн хувцаслалтын тухай асуудал биш. Иргэддээ хандах хандлага, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал. Миний хувьд ч залуу байсан. Надад хоёр жинс, нэг пүүзээс өөр хувцасгүй үе байсан. Тиймээс хувцасны код заасан журмыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн ордон руу иргэд пүүзтэй ч нэвтрэх эрхтэй” гэж байр сууриа илэрхийлж байсан удаатай.
Хувцасны дресс кодыг өөрчлөх асуудал хоёр жилийн өмнө ч тавигдсан юм биш. 2020 оны УИХ-ын сонгуульд Т.Доржханд ялалт байгуулж, Төрийн ордон руу дуудагдах үед пүүзтэй гүйж ирж, дуулиан тарьж байв. Тухайн үед Төрийн ордны хамгаалалтын алба пүүзтэй гишүүнийг буцаасангүй, Төрийн ордон руу нэвтрүүлсэн.
Энэ үед олон нийтийн зүгээс “Хэнд нь Төрийн ордны хувцаслалтын дресс код үйлчилдэг. Хэнд нь ямар давуу эрх олгохоор дресс код нь үйлчилдэггүй юм бэ” гэдэг асуудлыг ч хөндөж тавьж байв.