Ардчилсан намын өнөөдрийн /2024.02.15/ 4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан нар оролцож, үнийн өсөлт гаарсан болон авлигын индексээр Монгол Улс ухарсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН:
-Үнийн өсөлт иргэдийн хамгийн их санаа зовоосон сэдэв болж байна. Сар шинийн баярын ширээ засахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өмнөх жилийнхээс 46 хувиар өссөн судалгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Цагаан сарын бэлтгэл ажил, сар шинийн золгуутын ачаалал өрх айл, ахмад эмэгтэйчүүдэд хүндээр тусч байгаа.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гурав дахин өссөн атал орлогын өсөлт нь гүйцэхгүй байна. Энэ нь орлогын төвшинд сөргөөр нөлөөлж байна. Ядуурлын түвшингийн мэдээ өнгөрсөн онд гарсан. Монгол Улсын хүн амын 27 хувь нь ядуурлаас доогуур түвшинд байна. Хэрвээ энэ судалгааг илүү өргөн цар хүрээтэй хийх юм бол хүн амын тэн хагас нь ядуурсан гэдэг судалгааг эдийн засагчид танилцуулж байгаа.
Орлогын өсөлт иргэдийн амьжиргааны өртгийг давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч, өрхийнхөө амьжиргааг залгуулж байна.
Насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банк санхүүгийн байгууллагад зээлтэй байна. Иргэдийн дундаж зээлийн хэмжээ 8.6 сая төгрөг.
2016 онд насанд хүрсэн иргэдийн 43 хувь ямар нэг зээлтэй байсан. Тухайн үед зээлийн төрлийг авч үзэхэд иргэдийн олонх нь ипотекийн буюу илүү урт хугацааны өмч хөрөнгөтэй болгоход чиглэсэн зээл эзэлж байсан бол өнөөдөр хэрэглээний зээл буюу амьжиргааганы өртгийг залгуулах зээл дамагайлж байна. Зээлийн хүү нь маш өндөр тул иргэдийг ядууралд өртөхөд мөн нөлөөлж байна.
Төр засгийн зарлага, төсвийн орлого өнгөрсөн хугацаанд маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй нүүрс экспортод гаргасан. Нийт 70 сая тонн нүүрс экспортолж 8.9 тэрбум ам.долларын орлого олсон. 2022 онд 6.5 тэрбум ам долларын нүүрсний борлуулалт хийсэн.
Ардчилсан нам 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор ямар хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бүгд мэднэ. Гэтэл зөвхөн нэг жилд нүүрсний орлогоос 9.5 тэрбум ам.доллар олчихоод гарт баригдах, нүдэнд үзэгдэх ажил хийж чадсан бил үү гэдэг нь асуудал дагуулж байна.
Иргэдийн амьдрал доройтоод байгаа хэр нь дарга нарын зарцуулж байгаа төсөв нэмэгдэж байна.
Бид Онцгой байдлын ерөнхий газар болон Засгийн газарт шаардлага хүргүүлэх болно. Зуд болон үер усны гамшгаас сэргийлэх бодлогоо тодорхой тайлбарлах ёстой гэж үзэж байна.
Ардчилсан намын дэд дарга Ж.БАЯРМАА:
-Шинэ он гарах бүрт улс орон бүр өмнөх жилээ ямар амжилт бүтээлээр угтав гэж дүгнэдэг. Харамсалтай нь, эрх баригчид өнгөрсөн жилийг албан ёсоор дүгнэсэн танилцуулга дүгнэлт хийсэнгүй хөх луу жилтэйгээ золголоо.
Эрх баригчид өөрсдийн ажлаа ичээд дүгнэхгүй байсан ч дэлхий дүгнэсэн. Олон улсын Транспрэнс интернэйшнл байгууллагаас авлигын индексийг зарласан. Монгол Улс 2023 онд авлигын индескээр өмнөх жилийнхээс 5 байраар ухарч 180 орноос 121 дүгээр байранд орсон. Сүүлийн 10 жилд авлигын индексээр эрс ухарч байгаа зургаан улсын нэгд орж байгаа. Беларусь зэрэг тоталитор дэглэмтэй улстай нэг байранд орж ирж байна.
2012 он буюу Ардын нам засаглаж дуусаад Ардчилсан намд Засгийн эрхийг шилжүүлэх үед Монгол Улс авлигын индексээр 94 -т байсан.
Ардчилсан нам Засгийн эрх барьж байсан 2015 онд 72 дугаар байр буюу 20 байраар урагшаа алхсан. 94-т байсан тэр дүн 20 байраар урагшилж байсан.
Гэтэл 2016 оноос авлигын индеск эрс муудан 103 дугаар байр луу шилжиж, ухралтууд эрчимтэй явсаар байгаад сая 2023 онд 2016 оны 72 дугаар байртай харьцуулах юм бол 50-иад байраар ухарч, хөх луу жилийг угтлаа.
Авлигын индекс бол зөвхөн хэдэн төгрөг өгч, хэдэн төгрөг авсан юм бэ гэдэг тоо биш. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, тэр бүү хэл гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ямар байгааг авч үздэг. Авлигын индексээр ухарч байна гэдэг нь бүх үнэлэмжээр ухарч байна гэсэн үг. Төрийн дунд албан тушаалтны цейп, оймсноос багтах хэмжээгээр тэрбум, тэрбумаар авлигын мөнгө нь гарч байгаа. Тийм учраас авлигын индеск ухарч байгаад гайхсангүй. Гол нь энэ мэдээллийг Ардын намынхан нуухыг оролдсон. Авлигын индексийг зарлахтэй зэрэгцүүлж, ард иргэдэд ногдол ашгийг тараасан.
Ардын намын бодлого бол төрийг хүчтэй, төрийг данхгар байлгах үзэл баримтлалтай нам учраас яамдын тоог, төрийн албан хаагчдын тоог, төрийн өмчит компанийн тоог нэмдэг. Аргентин улс 46 сая хүн амтай хэрнээ есхөн яамтай ажилладаг. Монгол Улс 3.4 сая хүн амтай хэрнээ 22 яам бүхий сайдтай. Намын залуучуудын байгууллагад олгодог дэд сайдын албан тушаалыг оруулбал сайдын албан тушаал 40 гарна.
Сонгуулиар сонгогчдыг худалдан авах, халамжийн хэлбэрээр сонгогчдыг авлигадахад захиран зарцуулах хөрөнгө хэрэгтэй болдог. Үүнийгээ төрийн өмчит компаниар дамжуулж хэрэгжүүлдэг. Дараагийн сонгуулийн мөнгийг нь бэлдэж өгдөг газар нь төрийн өмчит компаниуд болдог.
Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил гэж зарласан. Ямар амжилтаар угтав гэхээр ардчилсан бус орнуудын авдаг оноог авлаа.
Ардчилсан улс хэрнээ ардчилсан бус орны оноог авч байна гэдэг авлига ямар их байна вэ гэдгийг илэрхийлж байгаа.
Авлигатай тэмцэх жил гэж зарласан учраас нүүрс, хөгжлийн банкны хэргээр сонсгол хийлээ. Гэхдээ үр дүн гэж алга. Эдгээр хэргүүдийн өмнөх 60 тэрбумын хэрэг юу болсон юм, хамгийн сүүлийн дуулиан ногоон автобусны авлигын хэрэг юу болов. Энэ бүх хэргүүд эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдэж байгаа учраас авлигын индексаээр ухарч байна.