Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Сангийн яамнаас гурван асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
Засгийн газар 1.650 сая ам.долларын гадаад өрийн эргэн төлөлтийг хийжээ
Гэрэгэ бондын үлдэгдэл 368 сая ам.долларыг энэ оны эхний хагаст багтаан төлөх боломжтой болсныг Засгийн газарт танилцуулсан байна. Оны эхэнд хэрэгжүүлсэн Сэнчери-II төслийн хүрээнд гадаад бондын эргэн төлөлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Ирэх сард 368 сая ам.долларыг төлснөөр валютын нөөцөд дарамт үүсгэхгүй гэж үзсэн байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оноос хойш 1.650 сая ам.долларын гадаад өрийн эргэн төлөлтийг хийсэн байна.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа эргэн сайжирчээ
Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон 2023 оны намар төлөх Самурай бонд болон Евро бондыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцсэн байна. Хөгжлийн банк өнгөрсөн онд 1.056 сая ам.долларын чанаргүй зээлийг төлүүлсэн. Оны сүүлээр төлөх Самурай бондын 30 тэрбум иены эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Харин Евро бондын 500 сая ам.долларыг хэрхэн барагдуулах төлөвлөгөөг гаргаж байгаа бөгөөд Хөгжлийн банк өөрийнхөө эх үүсвэрээр өрөө төлж барагдуулах зорилготой ажиллаж байгаа аж.
Хэрвээ ирэх есдүгээр сард Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж чадахгүй бол Засгийн газар баталгаа гаргах хувилбар байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын баг сайн ажилласан бөгөөд цаашид хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Цалин тэтгэвэр нэмэхдээ реформ хийж шийдвэрлэх нь чухал байна
Жил бүр тавдугаар сарын 1-нд багтаан ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулдаг. Энэ танилцуулгаа хийсэн байна. Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам хамтран төсвийн хүрээний мэдэгдлийн тоогоо гаргажээ.
-Эдийн засгийн өсөлт 6.5 хувь
-Инфляц 8 хувь
-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21.1 их наяд /11 хувиар өссөн/
-Зарлагын дээд хэмжээ 22.9 их наяд /12 хувиар өссөн/
-Төсвийн алдагдал 2.8 хувь /1.8 их наяд төгрөг/ байхаар тусгажээ.
Мөн 2023 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй байна. Орлого давах нь тодотгол хийх нөхцөл үүсгэхгүй гэдгийг Сангийн сайд хэлэв. Цалин тэтгэвэр нэмэхдээ төсвийн тодотгол гэхээсээ илүү нэгдсэн цалингийн бодлогодоо реформ хийх байдлаар шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.