Монгол, Унгарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл болох ээлжит айлчлалаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Унгар Улс нь манай улстай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай, Европын Холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш орон юм. Энэ хүрээнд хоёр улсын хөдөө аж ахуй, боловсролын салбарт ахицтай, идэвхтэй хамтран хэрэгжүүлж буй ажлууд цөөнгүй билээ. Тухайлбал, хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос Монголын талаас жил бүр 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байна.
Айлчлалын мэдээллийг тоймлон хүргэе. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцох юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхах юм.
Хүндэт зочныг Монголд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа.Үүний дараагаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчилснээр албан ёсны арга хэмжээ эхэллээ. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэсэн юм.
Мөн Монгол, Унгар Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс хоёр орны хооронд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх худалдаа, эдийн засгийн болон хоёр орны Засгийн газар хоорондын бүх талын хамтын ажиллагааг Унгар Улсын Үндэсний Ассамблейн зүгээс дэмжиж ажиллахаа эрхэмсэг ноён Көвер Ласло хэлсэн үгэндээ онцоллоо.
Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нарын уулзалт, яриа, хэлэлцээг үр дүнтэй, бодит ажил болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
Ялангуяа, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллаж буй уламжлалт харилцааг эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал болон бусад салбарт өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгт талууд санал нэгдэв.