“Оюу толгой” компани үндсэн ажилтнуудынхаа цалинг нийтээр нь бууруулсан талаар “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тус компанийн зүгээс цалин хассан асуудлаар тайлбар өгөхдөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ажилчдын ажиллах хугацааг багасгасан ч үндсэн цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж тайлбарласан билээ.
Тэгвэл компанийн ажилчдын хувьд өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ талаар ажилчдын төлөөлөл “Өнгөрсөн сараас “Оюу Толгой” компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан. Энэ хугацаанд үйлдвэрчний эвлэл маань бидний төлөө ажилласангүй. Тиймээс энэ хэвлэлийн бага хуралд тус компанийн үндсэн ажилчид бүхий л газраас ирж оролцож байна.
Ажил олгогч “Оюу толгой” ХХК нь цалин хөлс бууруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчсөн.
Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд цалин хөлс гэдэг хэсэгт таван зүйлийг тусгадаг. Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ээлжийн амралт гэсэн таван зүйлээр цалинждаг.
Эдгээрээс цаашид үндсэн цалин гэсэн зохицуулалтаар явах болсон. Хүн болгонтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнийхээ гол нөхцөлийг зөрчиж байна. Зөвхөн үндсэн цалингаар бид нар ажиллаж чадахгүй. Нэмэлт цагийн мөнгө, шөнийн ээлжийн нэмэгдлийг огт дурдаагүй.
Компанийн зүгээс энэ бүгдийг тооцож үзээд өмнөх цалингаас 25 хувь буурсан гэж танилцуулж байгаа ч бид нарын тооцоолсноор 50-60 хувь буурсан.
Цаашид бидний цалин ямар байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Үйлдвэрчний эвлэл маань уг асуудлыг шийдэж өгөхгүй хойшлуулаад яваад байгаа тул ажилчид бид өөрсдөө сэтгүүлчдэд хандахаар шийдсэн.
Тиймээс “Оюу Толгой” компанийг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, нэмэлт цалин хөлсийг хуулийн дагуу олгож өгөхийг шаардаж байна.
Компанийн зүгээс маш олон ажилчдыг хохироосон шийдвэр гаргах болсон талаараа огт тайлбар хийгээгүй. Энэ талаар ажилчидтайгаа ярилцаагүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 107, 108, 109 дүгээр зүйлийн нэмэлт хөлсний зохицуулалт, 118, 118.1 дүгээр хэсгийг ноцтой зөрчиж байна. Манай компани хөдөлмөрийн харилцааг зохицуулах төлөвлөгөө гэж дотоодод баталсан журамтай. Үүндээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн болон олон улсын зүйл заалтуудыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг ч үүнийгээ биелүүлдэггүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн заалтуудыг манай компани ерөөсөө авч хэлэлцээгүй. Харин ажилчдаа дорд үзсэн арга хэмжээ авсанд бид гомдолтой байна.
Цалин хасах болсон шалтгаанаа компанийн удирдлагууд алдагдалтай ажилласан гэж тайлбарлаад буй. Гэтэл бидний олж мэдсэн мэдээллээр компани зорилгоо давуулан биелүүлсэн. Монгол банкны сайтаар ороод “Оюу Толгой” компанийн ашиг, орлогын мэдээллээс харахад л цалин хасах хэмжээний алдагдалтай ажилласан зүйл ажиглагдаагүй.
Цар тахлын үед ашиг орлого багассан тул 49А журмыг баталсан байдаг. Тэр үед нийтээрээ хүнд нөхцөлд байсан тул ийм шийдвэрийг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Гэтэл бүх юм эргээд энгийн байдалдаа орчхоод байхад зөвхөн дээрх журмын дагуу цалин олгоно гэж тулган шаардаад байгаа нь хууль бус үйлдэл юм. Тиймээс маргааш 15:00 цагт бидэнд бичгээр хариу тайлбар өгөхийг шаардаж байна” гэж ярьсан юм.