Энэ жил өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Зарим аймагт шилэн зуд болж, цаг агаарын онц аюултай үзэгдэл болж байгааг Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ) болон Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлсээр байгаа.
Уг нөхцөл байдал нь боловсролын салбарт ч нөлөөлж байна. Тухайлбал цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий Боловсролын сургуулийн нийт 23 сурагч Цагаан сарын баярын дараа сургуульдаа ирэх боломжгүй болжээ.
Иймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж буй. Энэ сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлсэн бөгөөд 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөсөн байна. Мөн ойрын өдрүүдэд үүсээд буй зудын нөхцөл байдлаас улбаалан хүүхдийн ирц хангалттай бус байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас онцлов.