Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас “Утаа ба эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Г.Шийрав (Рh.D) Нүүрс болон шахмал түлшний шаталтаас үүсэх утааны найрлага, хүний биед үзүүлэх нөлөө” сэдвээр танилцуулга хийв.
Тэрбээр “2008-2010 онд манай лаборатори дээр утаагүй шахмал түлшний суурь судалгааны төсөл хэрэгжсэн. Энэ ажлын хүрээнд нүүрсийг яаж боловсруулж утаа багатай түлш хийх боломжтой, нэмэлт барьцалдуулагчийг эх орны түүхий эдээс яаж гаргаж авах боломжтой зэрэг шийдлүүдийг гаргасан. Эдгээрийн тодорхой хувийг одоогийн сайжруулсан шахмал түлшинд ашиглаж байгаа ч гүйцэд технологийн шийдлүүдийг ашиглаагүй.
2006, 2007 оны үед агаарын бохирдлын цэгийн эх үүсвэрийн судалгааг маш өргөн хүрээнд тоолсон судалгаа байдаг. Түүнээс хойш тийм өргөн хүрээний судалгаа хийгдээгүй” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр шаталтын талаар болон сайжруулсан түлшний талаар дараах зүйлсийг онцлов.
Тэрбээр “Зуух дотор шаталтын процесс бүрэн гүйцэд явагдвал цэвэр шаталт явагдана. Харин зуух болон түлшнээс үүдэж горимын алдагдал гарч дутуу шаталт явагдвал агаарын бохирдол үүснэ.
Дутуу шаталтаас угаарын хий үүсэж байдаг. Шаталтын явцад нүүрсэнд агуулагдаж байгаа хүхрийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа. Тэр дотроос хамгийн түгээмэл дэгдэж байгаа нь хүхрийн давхар исэл. Энэ нь амьсгалын замын өвчлөлийг маш их үүсгэж байдаг.
Мөн дутуу шаталтаас үүдэж органик нэгдлүүд үүсэх боломжтой. Эдгээрийн 200 шахам нь хортой хий.
“Сайжруулсан шахмал түлш ашиглаад илүү их хордоод байна гэдэгтэй мэргэжлийн хүний хувьд эсрэг байр суурьтай байдаг”
Сайжруулсан шахмал түлш ашиглаад илүү их хордоод байна гэдэгтэй мэргэжлийн хүний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Сайжруулсан түлш нь дараагийн шат руу ахиж байгаа л явц. Түүнээс биш шахмал түлш ашиглаад агаарын бохирдлыг байхгүй болгоно гэсэн үг биш. Чанарыг нь л сайжруулах гэсэн алхам.
Одоогийн шахмал түлшинд дараах стандарт, шаардлагыг тавьж ажиллаж байна.
- Илчлэг 5,200-оос багагүй
- Дэгдэмхий бодис нь 22-оос ихгүй
- Хүхрийн агуулга нэгээс ихгүй
- Үнслэг нь 27-оос ихгүй байх ёстой
Багануурын нүүрсний хувьд илчлэг нь 3,600 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5,800 байдаг. Багануурын нүүрс ашиглавал жилд 1.1 сая тонн нүүрс ашиглах шаардлага гарч байгаа. Одоо бол 650 мянган тонн шахмал түлш гарч байгаа.
Иймд сайжруулсан шахмал түлш ашиглахаа боливол эргээд нэг шат ухарна. Цаашид яаж чанарын сайжруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Зуух, шахмал түлш зэргийг туршаад, туршаад 50-55 хувь л агаарын бохирдлыг бууруулах боломжтой.
Нүүрс түлж л байгаа бол агаарын бохирдол хэзээ ч арилахгүй” гэв.