Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан огцом хүйтрэх үзэгдэл гарч буй. Улаанбаатар хотод ойрын хоёр хоногтоо хүйтний эрч сулралгүй Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө -34-39 градус, бусад хэсгээр -28-33 хүрэх урьдчилан таамаг гарсан. Харин энэ сарын 23-наас агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагдсан талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцолсон юм.
Ойрын өдрүүдэд цас орж томоохон голын хөндийд шөнөдөө -48 хэм хүйтрэх төлөвтэй байгаа. Манай орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш цастай байх юм. Цаашид цас үргэлжлэн орох төлөвтэй бөгөөд энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаас цас орно. Алтайн уулархаг нутгаар явган шуурга шуурч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр өдөртөө -29-34, шөнөдөө -43-48 хэм хүйтрэх төлөвтэй байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас анхааруулсан.
Эрс хүйтэнд гадаа хоносон автомашин асахгүй, суух үзэгдэл их гардаг тул “Автотээврийн Үндэсний Төв”-өөс зөвлөмж гаргажээ.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв