“Содном гуайн миймдэлт” Фэйсбүүк хуудаст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Улаанбаатар хотыг үерт сэлж яваа мэтээр дүрсэлсэн эвлүүлэг хийж, сошиал орчинд тавьсан.
Харин ЕТГ-аас түүнд гомдол гаргажээ. Улмаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Содном гуайн миймдэлт” Фэйсбүүк хуудсын админ болох М.Содномдаржаатай холбогджээ.
Тэр өчигдөр орой 22:00 цагаас хойш цагдаад мэдүүлэг өгсөн байна.
19 настай М.Содномдаржаагаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод үерийн асуудал үүслээ. Үүнд эрх баригчид тодорхой хэмжээнд буруутай. Энэ утгаар л ёжилж, мийм хийсэн. Сошиал орчинд иргэд улстөрчдийг ингэж ёжлох нь нийтлэг.
Өчигдөр цагдаагаас орой утастахад нь маргааш мэдүүлэг өгч болох уу гэж асуусан. Ингэхэд “Хаанаас ч олно шүү, даварсан бацаан минь” гэх мэтээр дарамталсан. Шөнө очиж, 4-5 цагийн турш мэдүүлэг өгсөн.
Надад Зөрчлийн хэрэг нээсэн гэж хэлсэн. Ямар шийтгэл оноохыг прокурор шийднэ гэсэн. Өнөөдөр цагдаагаас яриагүй байна” гэлээ.