Израиль улс женин хотод 2 хоног цэргийн ажиллагаа хийлээ

9
Хуваалцсан

ИЗРАИЛЬ УЛС ЖЕНИН ХОТОД 2 ХОНОГ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ХИЙЛЭЭ

Израиль улс Женин хот дахь Палестины цэргийн хуаранд сүүлийн жилүүдэд хамгийн томд тооцогдох цэргийн ажиллагаа явуулснаар 10 хүн амь үрэгдэж, 120 хүн шархадсан байна. Мягмар гарагийн үдээс хойш Израилын Ерөнхий сайд Нетаньяху Женин хотод хоёр өдөр үргэлжилсэн цэргийн ажиллагаа дууссан гэж мэдэгдсэн ч энэ нь цорын ганц ажиллагаа биш гэдгийг анхааруулжээ.

Палестины талын мэдээлснээр нас барсан хүмүүсийн дунд насанд хүрээгүй дөрвөн хүүхэд байгаа аж. Хохирогчдын хамгийн залуу нь 16 настай, хамгийн ахмад нь 23 настай байжээ.

Израилын эрх баригчид Женины хуаран нь Палестины террористуудын үйл ажиллагааны төв болсон гэж мэдэгджээ. Израилын Батлан хамгаалах хүчин тэдний дэд бүтцийг онилсон гэж мэдэгдсэн байна. Мягмар гарагт эрх баригчид хуаранд тэсрэх бодис хадгалагдаж байсан агуулах олсон гэж мэдэгдсэн. Өчигдөр шөнө Израилын арми мөн “террорист байгууллагуудын бэлэн байдлын хоёр төвийг” устгасан гэж аюулгүй байдлын албаныхан хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Женин хотод цахилгаан, ус тасарч, хохирогчдод тусламж үзүүлэх боломжгүй байгаа тул хүмүүнлэгийн байгууллагууд түгшүүрийн дохио өгч байна гэж НҮБ мэдэгджээ. Түргэн тусламжийн багийнхан хуаранд нэвтрэх зам хаалттай учир шархадсан хүмүүст туслах боломжгүй байна гэж ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас хуаранд хүрэх бүх замыг Израилын цэргийнхэн хаасан гэж мэдэгджээ.

Мягмар гарагийн үдээс хойш Тель-Авив хотод нэг машин замын хажуугаар явж байсан олон хүмүүсийг дайрч, долоон хүн шархадсан байна. Үүний дараа жолооч (Израилын тагнуулын мэдээлснээр Баруун эрэгт амьдардаг 20 настай залуу) машинаасаа бууж, хүмүүс рүү хутга барин дайрахыг завдсан боловч тэнд байсан зэвсэгтэй иргэн түүнийг буудан хөнөөсөн байна. Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир халдлага үйлдэгчийг буудсан “зоригтой иргэн”-д талархал илэрхийлжээ.

Палестины “Лалын жихад” бүлэглэлийн төлөөлөгчид энэхүү халдлагыг Женин хотод болж буй үйл явдлын хариу үйлдэл гэж мэдэгджээ. Хамас хөдөлгөөнийхөн Палестины энэ үйлдлийг баатарлаг гэж нэрлээд, “эзлэн түрэмгийлэгч өөрийн үхэгсэд болон шархадсан хүмүүсийг тоолоход бэлтгэх ёстой” гэж нэмж хэлжээ.

Тус хуаран нь Палестины Газын зурвасыг хянадаг Ираны дэмжлэгтэй Исламын Жихад болон Хамас бүлэглэлийн тулгуур газар юм. Израилын цэргийн албаныхны мэдээлснээр, сүүлийн зургаан сарын хугацаанд Женин орчмоос Израилын объектуудыг 50 гаруй удаа буудсан байна.

Эх сурвалж:  BBC

ХолбоотойМэдээ

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн


Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.