Өмнөд Солонгосын 50, 60 насны хос аливаа хүн биеэ бялдаржуулахад нас хамаардаггүй болохыг баталж байна. Олон хүнд хөгшрөлт нь аймшигтай мэт санагдаж болох ч тэдний хувьд энэ бол асуудал биш.
Инстаграмд @okdong_fit хуудсаараа алдаршиж буй гэр бүл болох 61 настай нөхөр, 56 настай эхнэр хоёр хамтдаа фитнессээр хичээллэдэг. Тэдний инстаграм болон ТикТок дахь бичлэгүүд ихэвчлэн өөрсдийнх нь амьдралын хэв маяг, фитнессийн дасгалын талаар өгүүлдэг байна. Тэдний охин Грейсийн хэлснээр ээж нь илүүдэл жинтэй байсан, тэврэхэд том гэдэс нь мэдрэгддэг байсан бол аав нь ээжтэй нь анх болзож эхлэхэд маш туранхай байсан гэжээ.
Тэд 33 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд эхнэр нь хүүхдээ төрүүлснээс хойш нэг жилийн дараа усанд сэлэх хоббитой болжээ. Аав нь сонирхогчийн кикбоксоор хичээллэхийн сацуу долоо хоног бүр хөл бөмбөг тоглодог байв. Харамсалтай нь эрчимтэй дасгал хөдөлгөөн нь өвдөгний үений өвчтэй болгов. Мөн шар айраг уух дуртайгаасаа болж хэвлийгээрээ таргалжээ. Зургаан жилийн өмнө тэр чихрийн шижинтэй гэж оношлогдсон бөгөөд түүний өвдөгний мөгөөрс байхгүй болсныг эмч хэлжээ. Тиймээс өвдгөндөө ирэх даралтыг бууруулахын тулд жингээ хасах шаардлагатай болсон байна.
Харин эхнэр нь таван жил усанд сэлэлтээр хичээллэсний дараа нурууны өвдөлтөө намдаахын тулд 45 наснаасаа пилатаар хичээллэх хүртлээ дахиж дасгал хийсэнгүй. Өөрөөр хэлбэл тэд илүүдэл жингээсээ салахаар олон арга туршиж байв.
Тэд хоёулаа 10 жилийн өмнөөс эрүүл мэнддээ анхаарахаар спортоор хичээллэж эхэлсэн ч нөхөр нь бизнес эрхэлж, их сургуульд багшилдаг байсан тул бүрэн дүүрэн хийж чаддаггүй байв. Гэтэл 2021 онд нэгэн оюутан нь түүнээс ярилцлага авах хүсэлтэй байгааг хэлэхэд охин нь аавыгаа зураг авалтаас өмнө хэдэн сар дасгал хийхийг зөвлөжээ. Охиныхоо зөвлөснөөр фитнессээр хичээллэхдээ гэр бүлийн багцын хөнгөлөлттэй үнээр эхнэртэйгээ хамт явжээ.
Түүнээс хойш зургаан сарын дараа гэхэд тэд эрүүл хооллолт, биеийн тамирыг хослуулж гайхалтай биесийг цогцлоож чаджээ. Тэд долоо хоногт 5-6 удаа, нэг удаадаа 1,5 цаг дасгал хийдэг. Зураг авалтад зориулж зургаан сарын турш хичээсээр гарсан үр дүн нь энэ аж.
Тиймээс, хэрэв та 50 насандаа тэдэн шиг сайхан харагдахыг хүсэж байвал фитнессээр хичээллэж эхлэхэд хэзээ ч оройтоогүй гэдгийг энэ дашрамд зөвлөмөөр байна.