Нийслэлийн Ардчилсан Намаас/АН/ хотын дарга Х.Нямбаатарын санаачлан батлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Улаанбаатарын 1.7 сая хүний эрх, өмч рүү халдаж байгааг дурдаад Хотын даргыг иргэдээс уучлал гуйх, огцрохыг шаардаж байгаагаа мэдэгдэв.
Нийслэлийн АН-ын даргын хуулийн зөвлөх Э.Одбаяр “2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд Хотын дарга Х.Нямбаатарт нийслэлийн АН-аас дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагын хариу дорвитой үр дүнд хүрээгүй.
Шаардлага нь Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг нэмэгдүүлсэн, иргэдийн эрхэд шууд халдсан утгатай захирамжийг цуцалж, иргэдээс уучлалт хүс гэдэг утгатай байв.
Хоёрдугаарт “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хоёр үндсэн утгатай нэг хуулийг УИХ-аар батлуулсан. Уг хуульд хотын иргэдийн эрхийг хөндсөн, алдаатай хууль батлуулсан гэдэг үндэслэлээр хэвлэлийн хурал зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд байгаа ганц өмч нь газар. 220,000 хашаа нийслэлд байна, энэ хашаандаа иргэд, ажил амьдралаа залгуулж байгаа. Зарах газаргүй болсон учраас иргэдийнхээ хашаа руу дайрч байгааг эсэргүүцэж байна.
Түгжрэлийн асуудлыг тусдаа хууль болгож шийдэх ёстой. “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийг хэрэгжүүлэхгүй байх үүднээс Үндсэн Хуулийн Цэц, холбогдох байгууллагуудад хандаж хүчингүй болгуулахаа мэдэгдье” гэв.
Хотын дарга Х.Нямбаатарыг огцрууллаа гэхэд дараагийн хотын даргаар танай намаас хэнийг сонговол иргэдийн хашаа байшин, гар руу халдахгүй гэж үзэж байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Х.Нямбаатар даргыг огцруулаад дараагийн хүнийг сонгох эрх нь АН-д байхгүй. Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай байлгана гээд сонгогдсон хотын дарга нар дөрөв дэх удаагаа солигдлоо. Х.Нямбаатар гэдэг хүн хотын дөрөв дэх дарга, тав дахь нь хэн байхыг бид мэдэхгүй. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж, УИХ-д гарсан.
Супер баатар болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирээд хийсэн эхний алхам нь дугаарын хязгаарлалт, иргэдийн эрхэд халдсан. Иргэдээс санал асуулгүйгээр хязгаарлалт хийсэн.
Дараагийн алхам нь иргэдийн өмч рүү халдсан хуулийг батлуулсан. Хууль батлуулах эрх нь түүнд бий эсэх нь бас асуудал.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах санаачилга өрнүүлнэ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 3/1 нь гарын үсэг зурвал НИТХ ээлжит бусаар хуралдаж, огцрох асуудал яригдана. МАН олонхоороо хотын даргыг сонгох байх.
1.7 сая хүн амтай Улаанбаатар хотыг хүний эрхийн мэдрэмжтэй, дэд бүтцийг хөгжүүлэх мэргэжлийн хүн удирдах шаардлагатай байна. Хаадаг, хорьдог хүн хотын дарга байх нь тохиромжгүй гэж үзэж байгаа” хэмээн хариуллаа.
Нийслэлийн АН-ын ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль нэгдүгээр сарын 8-н буюу Даваа гарагаас хэрэгжиж эхлэх гэж байна гэж ойлгосон.
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулиар Үндсэн хуульд заасан иргэн газар эзэмших, өмчлөх эрхийг хязгаарласан.
Гарч болох сөрөг үр дагаврыг тооцохгүйгээр нэн яаралтай горимоор уг хуулийг баталсан.
Хуульд такси үйлчилгээ эрхлэхэд 2024 оны зургаадугаар сарын 15-наас тусгай зөвшөөрөл авдаг болохоор заасан нь төр засгаас гуйхгүйгээр ажил, амьдралаа залгуулж байгаа эрхийг хязгаарлаж байна.
Түгжрэлийг бууруулах нэрийн дор автомашины төлбөрийг улсаас тогтооно гэж заасан.
Гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлөх нэр доор өмчлөлийн эрхийг хязгаарлаж болох зохицуулалтууд нь нийслэлийг тойрсон ужгирсан асуудлуудыг нэг хуулиар шийдэхээр багтаасан.
Шийдлүүд байхгүй, НИТХ болон журмаар зохицуулахаар байгаа нь нийслэл бүх эрхийг өөртөө төвлөрүүлж авахаар харагдаж байна.
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийг дагалдаж, 25 хуульд өөрчлөлт орсон.
Иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийг хууль бусаар дайчлан авах нь Үндсэн хуулиар хориотой.
Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг нөхөх олговортойгоор буцаан авах, солих байдлаар зохицуулдаг байтал шинэ хуулиар газрыг чөлөөлөх гэдэг нэртэй харилцаа үүсгэх гэж байна.
Дахин төлөвлөж, орон сууцжуулах нь зөв ч хүний эрхийн асуудлыг хэлэлцээрийн арга замаар зохицуулах байхад газрыг хүчээр чөлөөлөх эрхийг нийслэл рүү татсан зүйл ажиглагдаж байна.
Хуулийг нэн яаралтай горимоор баталсан учир батлахаас нь өмнө нийгмийн хэлэлцүүлэг явуулах боломж гараагүй” хэмээн тайлбарлав.