Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр /2024.04.04/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-тай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” тул хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.
Тэрбээр, манай хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Ардчиллын түншлэл” байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш амжилттай ажиллаж ирснийг онцлов.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, манай хоёр улс хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг адилхан үнэт зүйлстэй ардчилсан орнууд тул цаашдаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд өөрийн зүгээс онцгой анхаарч, дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд, Нээлттэй дэлхий манлайллын төвөөс “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос хойш жил бүр Улсын Их Хуралд шинээр сонгогдсон таван гишүүнд АНУ-ын засаглалын систем, Конгрессын үйл ажиллагаа, мужийн хууль тогтоох, иргэний нийгмийн болон хууль, эрх зүйн салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжийг олгодог. 2022 оноос хойш энэ хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулдаг болсныг дурдаад тус хөтөлбөрийг энэ жил ч үргэлжлүүлэхээр болсныг дуулгав.
Түүнчлэн тэрбээр АНУ-ын Конгрессын сүүлийн 100 жилийн түүхэнд гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж, шинээр байгуулагдах парламентын үйл ажиллагааны бэлтгэл ажлын туршлагаас хуваалцахыг хүслээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй, Монголын парламентын түүхэнд бичигдэх шинэ танхим бүрдэнэ. Улсын Их Хурлын Тамгын газар нь парламентын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй.
Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Энэ үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа бүрэн ханган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. 126 гишүүнтэй парламент бүрдэх тул бид олон улсын парламентын сайн жишгүүдийг судалж, шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусган ажиллаж байна.
Тодруулбал, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн саналаар мэтгэлцээн явуулах механизмыг нэвтрүүлэх, гишүүдийн тоо 126 болсонтой холбогдуулан нам, эвслийн бүлэг болон бусад гишүүдийн Улсын Их Хуралд авсан суудлын тоонд хувь тэнцүүлэн үг хэлэх, асуулт асуух хугацааг тогтоох зэргээр сахилга, хариуцлагыг нь сайжруулахаар бүлэг зохицуулалтыг тусгасан.
Мөн Улсын Их Хурлын дарга шаардлагатай гэж үзвэл өргөн мэдүүлэхээс өмнө хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргуулах бөгөөд цаашлаад анхдагч хууль болон шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд тухай бүрд хууль зүйн дүгнэлт гаргуулах, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хуулийн төслийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох зэрэг онцлог зохицуулалтыг тусгаад байна гэв.
Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах болсонд талархал илэрхийлж, цаашид олон талт сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын төгсгөлд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимтай мэргэжил нэгтнүүдийн солилцоог өрнүүлэх, Конгрессын номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлэх, Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.