Умайн хүзүүний хорт хавдар дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хавдрын шалтгаант нас баралтаар хоёрдугаарт жагсдаг аж. Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа бөгөөд жилд 300 орчим эмэгтэй энэ хавдраар нас бардаг байна. Тиймээс уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авдаг PCR шинжилгээг ЭМД-д хамруулжээ.
Тодруулбал, умайн хүзүүний эсийн шинжилгээг улс даяар 30-60 насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгээр хийдэг байна. Гэхдээ заавал 30-Иас дээш насныхан гэж хязгаарлалгүй бэлгийн харилцаанд орсон л бол эмэгтэйчүүд гурван жил тутамд тус шинжилгээг хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.
Гэхдээ улсын эмнэлгүүдэд энэ төрлийн нарийн үзлэг, шинжилгээ хийх тоног төхөөрөмж байдаггүй тул шинжилгээг зөвхөн хувийн эмнэлгүүдэд хийдэг байна. Хувийн эмнэлгүүдэд 150-200 мянган төгрөгөөр хийгддэг тус шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлттэйгөөр 49,000 төгрөгөөр хийхээр болжээ.
Ташрамд дурдахад бэлгийн харилцаанд ороогүй охидын хувьд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх папиллома вирусын вакцинжуулалтад хамрагдах боломжтой.