Иран улс мягмар гарагт /2024.01.16/ Пакистаны Балокистан мужид дрон болон пуужингаар агаарын цохилт өгсний улмаас хоёр хүүхэд нас барж, гурван хүн бэртсэн.
Пакистан энэ халдлагыг хууль бус, хүчтэй хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан “Davos”-д үг хэлэхдээ энгийн иргэдийн онилоогүй харин Жайш аль-Адл бүлгийн байршилд агаарын цохилт өгсөн гэжээ.
Тэгвэл Пакистаны зэвсэгт хүчин Ираны зүүн өмнөд хэсэгт байрлах Систан-Балукестан мужид агаарын цохилт өгсөн байна. Иран тус халдлагыг буруушааж гурван эмэгтэй, хоёр эрэгтэй, дөрвөн бага насны хүүхэд амь үрэгдсэн гэж мэдэгдэл гаргасан юм.
Сүүлийн үед Ойрх Дорнодод хэд хэдэн мөргөлдөөн гарсны улмаас нөхцөл байдалд хурцадсан. Газын зурвасын дайн үргэлжилсээр байгаагаас гадна Израил болон Ливан дахь Хезболла бүлгийн хооронд хил дээр зэвсэгт мөргөлдөөн үүссэн.
Мөн Ираны дэмждэг Ирак болон Сири дэх террорист бүлгүүд АНУ-ын цэрийн баазуудад халдаж байгаа. Улаан тэнгис дэх Израилтай холбоо бүхий ачааны хөлөг онгоцнууд руу Йемен дэх Хусит бүлэг халдах болсны улмаас Их Британи, АНУ-ын зэвсэг хүчин хамтран Йеменд агаарын цохилт өгөх болсон юм.
Эх сурвалж: BBC